22-ын товчоон дээр нас барсан иргэний асуудалд Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна

22-ын товчоон дээр нас барсан иргэний асуудалд Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна

Энэ сарын 07-нд /2020.12.07/ Архангай аймгаас Улаанбаатарт ирсэн ч 22-ын товчоогоор нэвтэрч чадалгүй нас барсан талийгаач эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талийгаачид хийсэн шинжилгээний урьдчилсан хариу гарсан бөгөөд нарийн шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах аж. Урьдчилсан шинжилгээгээр өвчний улмаас нас барсан нь тодорхой ч илүү дэлгэрэнгүй шинжилгээний хариу чухал юм. Цагдаагийн байгууллагаас нарийн шинжилгээний хариуг хүлээж буй бөгөөд холбогдох хүмүүс буюу тухайн өдөр 22-ын товчоон дээр ээлжинд гарсан цагдаа, онцгой байдлын ажилтан, эмч болон бусад хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ.

Ямартай ч одоогоор хэн нэгнийг гэм буруутнаар тооцоогүй гэх мэдээлэл байна. Харин шинжилгээний хариу гарсны дараа зарим асуудлууд тодорхой болох бололтой. Бид талийгаачийн хүүтэй холбогдож зарим зүйлийг тодруулахад “Даваа гаригт ажил явдал болж дууссан. Өөр бусад мэдээллийг өгөхгүй” хэмээн татгалзсан юм.

Дээрх харамсалтай үйл явдлын дараа Улсын онцгой комиссоос эмгэнэл илэрхийлээд “Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр энэ дагуу зарим хүмүүст хариуцлага тооцох нь тодорхой байгаа юм. Гэхдээ чухам хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татаж буй юм.

Үйл явдлыг эргэн сануулбал, 58 настай талийгаач эмэгтэй энэ сарын 07-ны өдөр /2020.12.07/ Улаанбаатарт ирсэн байдаг. Гэтэл 22-ын товчоон дээр ажиллаж буй албаныхан талийгаачийн сууж явсан машины зорчигчдоос “PCR шинжилгээний хариу нэхэж” хот руу орохыг зөвшөөрөөгүй юм.  Ингээд хотоос эмнэлгийн баг ирж PCR шинжилгээ авах хүртэлх 24 цаг 22-ын товчоон дээр хүлээх шаардлага гарч энэ хугацаандаа талийгаачийн бие нь муудаж нэг хоногийн дараа буюу энэ сарын 08-ны өглөө 09.00 цагийн орчим нас барсан юм.

Энэ хугацаанп бие нь өвдөж хэдэнтээ яаралтай түргэн тусламжийн эмч дуудаж үзүүлсэн ч  ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд 22-ын товчоон дээр ажиллаж байсан албаныхан ч мөн туслалцаа үзүүлээгүй нь өнөөдөр асуудал үүсгээд буй. Тухайн үед ХЭРГИЙН ГАЗАРТ болсон үйл явдлыг дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.