Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа хийсэн гэрээ, тэдгээртэй холбоотой асуудлаа өөрөө шалгах гээд байгаа юм уу

Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа хийсэн гэрээ, тэдгээртэй холбоотой асуудлаа өөрөө шалгах гээд байгаа юм уу

Өнөөдөр /2025.11.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан "Ухаа худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Тус асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу " Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг яг харахаар “Ухаа худаг болон бусад бүх талбайн ашиглалтыг хянаж шалгая” гэж байгаа юм. Бусад гэхээр Таван толгойн бүлэг орд бүхэлдээ болчихно.

Тэгэхээр өөрийнхөө Ерөнхий сайд байхдаа хийсэн нүүрсний гэрээнүүд, тэдгээртэй холбоотой асуудлыг өөрийнхөө хороогоор өөрөө шалгах болчихоод байна.

Уг нь манай Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн үед бас Таван толгойд юу болсныг хянан шалгах хороо байгуулъя гээд саналаа гаргачихсан байгаа. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хорооны тогтоол энэ хэвээрээ батлагдвал Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүдийг бид хянаж чадахгүй болно гэсэн үг. Өнөөдрийн хурал дээр бол өөрөө “Ухаа худаг ба бусад гээд салгачихъя аа л" гэж байна. Гэтэл хуулиараа хянан шалгах хороо байгуулах санал хамт гаргасан гишүүд зөвшөөрч байж л салгах боломж үүснэ. Тэгэхээр одоо чуулганаар орж батлагдахаас нь өмнө хэдүүлээ Л.Оюун-Эрдэнийн хүсэлт дээр гарын үсэг зурсан гишүүдийг “Ухаа худгаа л та бүхэн хянаж шалгаа. Нодлингийн том гэрээнүүдийг тусд нь сөрөг хүчин чинь шалгаг ээ” гэж ятгах хэрэгтэй байна" гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

ВИДЕО:

Уг тогтоолд,

  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаа худаг тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаа үйл явц хуульд нийцэж буй эсэх
  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах оффтейк гэрээнүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх
  • Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ухаа худгийн орд ашиглалтын мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх гурван зорилготой гэж бичжээ. Л.Оюун-Эрдэнийн санаачилсан эл тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Д.Жаргалсайхан, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц, М.Мандхай, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Ч.Номин, О.Номинчимэг, Н.Номтойбаяр, Г.Очирбат, П.Сайнзориг, М.Сарнай, Б.Тулга, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ө.Шижир, М.Энхцэцэг, Р.Эрдэнэбүрэн нар дэмжиж гарын үсэг зурсан байдаг.