Л.Энх-Амгалан гуайн усалсан ишигтэй янгир, ижил сүргээ дагуулан ирж "11 өвөл" түүний гараас ундаалж байна

Л.Энх-Амгалан гуайн усалсан ишигтэй янгир, ижил сүргээ дагуулан ирж "11 өвөл" түүний гараас ундаалж байна

Өмнөговь аймгийн Номгон сум. Өглөөний нар мандахтай зэрэгцэн говийн их зэрэглээнд нэгэн гэр алсаас тодрон харагдана. Яндангаас нь утаа суунаглаж, гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөөд буцаж оров.

Хааяа нэг үнээ мөөрч, тэмээ буйлахаас өөр анир чимээгүй их говийн амар амгалан, дэндүү тайван өглөө ийн эхэллээ. Төд удалгүй нэгэн эрэгтэй морио эмээллэж, худгийн зүг дуу аялсаар гарч одов.  Говийн их наран аль хэдийн буцаж хүйтний ам наашилсан тул үстэй дээл, өвлийн малгай өмсжээ. Өдгөө 60 гарч яваа ч залуу насных нь цог нүдэнд нь гялалзах энэ эрхмийг Л.Энх-Амгалан гэдэг. Л.Энх-Амгалан гуайг зэрлэг байгалийн аргаль, янгирыг худаг дээрээ ундаалдаг гэдгээр нь нутаг нугынхан байтугай нийслэлчүүд хүртэл мэддэг.

Говь гол мөрөнгүй ч гол мөрөнг орлодог хүн бол Л.Энх-Амгалан гуай юм. Тэрээр 2009 оноос хойш ойр хавийн янгир, зээрийг усалж, ундаалсаар өнөөг хүрчээ. 2009 оны өвөл зуд болж, цас оролгүй удсаар уулын янгир хүртэл ус хайн доош бууж байсан цаг. Тэр үед Л.Энх-Амгалан гуай 49 настай байжээ.

Нэг өглөө малаа услахаар худаг дээрээ иртэл ишигтэй янгир уулын бэлээс ус горьдон харж зогссон байна.

Бага ахуй наснаасаа л ан амьтанг хайрлаж өссөн тул ангасан янгир, ишиг хоёрт нь тосгуур дүүргэж өгөөд буцжээ. Гэтэл маргааш нь ишигтэй янгир ижил сүргээсээ дагуулан ирж Л.Энх-Амгалан гуайг хүлээж байсан гэдэг. Үүнээс хойш өдөр бүр худгаас ундаалдаг янгирын тоо бага багаар нэмэгдсээр 60 гаруй болжээ. Говьд цас орохгүй удах бүрд уулнаас янгир, зээр ус хайн бууж танил худгаасаа ундаалсаар аль хэдийн 11 жил өнгөрөв. Зэрлэг байгальдаа л сүрэглэн амьдардаг асан янгирууд гаршуулж, тэжээсэн мэт л Л.Энх-Амгалан гуайд дассан нь соньхон. Хүн, байгаль хоёр хүй нэгтэй оршдогийн гэдгийн жишээ энэ ажээ.

Л.Энх-Амгалан гуайн гэр худгаасаа 700 гаруй метрийн зайд. Тэднийх Номгон сумын уугуул бөгөөд 1990 оноос хойш энд өвөлжиж байгаа аж. Анх ирэхэд нь аргаль, янгир ховор үзэгддэг байсан бол одоо овоо эргээд л сүргээрээ бэлчдэг болсон гэнэ. Түүнээс гадна хар сүүлт, цагаан зээрийн тоо толгой өссөнөөс гадна энэ жил Номгонын хойд сумдуудаар нүүдэл суудал ихэссэн тул 200 гаруй цагаан зээр ирж суурьшсан байна. Энэ чинээгээрээ худаг дээрээс ундаалах зэрлэг амьтдын тоо ихэссэн гэсэн үг.  

Л.Энх-Амгалан гуай хааяа нэг сумын төв орж ойр зуурын ажил амжуулна. Энэ үеэр гэргий аймгийн сайн малчин н.Ундрахбаяр нь түүний үүргийг гүйцэтгэдэг байна.

Заримдаа хүүхдүүд нь ирж, хэд гурван ховоо татна. Ангасан янгирууд ээлжлээд л тосгуурыг хоослоод уул руугаа мацна. Харин Л.Энх-Амгалан гуай буцаж ирэх үед түүнийг таньсан юм шиг янгирууд гуч, дөчөөрөө овоордог аж. Харин үл таних нэгэн ховоо татахад төдийлөн очдоггүй гэнэ.

Заримдаа тэр өөрийн малаа худгаас холдуулж байгаад уулын янгируудыг усална. Заримдаа янгирууд үхэр, малтай нь зэрэгцэн худаг дээрээс ундаална.

Бид Л.Энх-Амгалан гуайтай өчигдөр /2020.12.15/ утсаар холбоход, тэрээр “Амьтныг хайрлахгүй хүн хаана байхав дээ. Цас зуднаар ядарч яваа амьтанд жаахан ч гэсэн тус болох юмсан гэж боддог. Байгаль дэлхийгээ хайрлаж, ан амьтныг хамгаалах нь иргэн бүрийн оролцоо үүрэг. Би үүргээ л гүйцэтгэж яваа эгэл жирийн хүн” хэмээн тэрээр бидэнтэй хуучилсан юм.

Л.Энх-Амгалан гуайн аав нь ан амьтанд их хайртай, байгаль дэлхийгээ эрхэмлэн дээдэлдэг нэгэн байжээ. Аавынхаа энэ занг өвлөж авсан тэрээр 11 жилийн турш тасралтгүй өвөл бүр аргаль, янгируудыг усалсан нь бахархмаар. Цаашдаа ч энэ үүргээ биелүүлсээр, үр хүүхэддээ өвлүүлэх нь дамжиггүй биз ээ. 

Өмнөговь аймгийн Номгон сум. Өглөөний нартай зэрэгцэн Л.Энх-Амгалан гуай уулын янгируудыг услахаар мордов. Намрын наран буцаж өвөл эхэлсэн тул ховоо татахад гар хайрна. Гэсэн ч энэ эрхэм үл цуцах аж. Говийн хүний дээл нь их наранд ганддаг ч сэтгэл нь хэзээ ч гандашгүй ажээ.