Мутацид орсон коронавирус эсрэг биетэд баригдалгүй зугтаах чадвартайг тогтоожээ

Мутацид орсон коронавирус эсрэг биетэд баригдалгүй зугтаах чадвартайг тогтоожээ

Дэлхийн 218 улсад коронавирусийн халдварын нийт 67 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байна. БНХАУ-д анхны тохиолдол бүртгэгдэж, дэлхий нийтэд зарласнаас хойш эрдэмтэд энэ вирусийг судалж, шинжлэн өдөр бүр шахуу шинэ нээлт хийж буй. Тэгвэл шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Nature” сэтгүүлд коронавирусийн талаар хэд хэдэн шинэ судалгаа хэвлэгдсэнийг та бүхэнд сонирхуулъя.

СУДАЛГАА 1: МУТАЦИД ОРСОН КОРОНАВИРУС ЭСРЭГ БИЕТЭЭС ЗУГТАХ ЧАДВАРТАЙ

АНУ-ын Сиатл хотын Фред Хатчинсоны нэрэмжит Хавдар судлалын төвийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгааны явцад коронавирус SARS-Cov-2 нь эсрэг биетэд баригдалгүй зугтаж буйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл мутацид орж илүү амьдрах чадвартай болсон гэсэн үг юм. Судлаачид коронавирусийн халдвар авсан хүнд "Regeneron" гэх коктейлийг уулгасан байна. Тус коктейлд өнгөрсөн сарын 23-ныд АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар (FDA)-аас  эмнэлзүйд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгоод байсан.

Гэхдээ хамгийн түрүүнд хөнгөн болон дунд зэргээр өвдсөн хүмүүст уулгах бөгөөд коктейлыг хэрэглэсний дараа өвчтөний биед хурдан хугацаанд эсрэг биет үүсэж байсан нь тогтоогдсон юм. Гэсэн ч мутацид орсон вирус “Regeneron"-ийн үүсгэсэн эсрэг биед баригдалгүй зугтах чадвартай болсон байжээ. Уг жишээ нь Европын орны өвчтөнүүдэд зонхилж байсан бөгөөд эрдэмтэд судалгаандаа ашигласан дээжийг Дани, Нидерландын өвчтөнүүдээс авсан байна. Судалгааны эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.

СУДАЛГАА 2: ЯМАР ТОХИОЛДОЛД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ БУЮУ ХУДАЛ ГАРЧ БОЛЗОШГҮЙ ВЭ

COVID-19-ийг оношлох “алтан” стандарт арга бол хамар, хоолойноос арчдас авч коронавирусийн генетикийн материалыг илрүүлдэг полимеразын гинжин урвал /PCR/-ын тест юм. Гэвч зарим тохиолдолд шинжилгээ худал “хэлэх” үе бий. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвартай хүнийг “халдваргүй” гэж, эсрэгээрээ халдваргүй хүнийг “халдвартай” гэж алдах нь бий. Үүний шалтгааныг тодруулахаар эрдэмтэд 15 мянга гаруй хүнийг хамруулж, шинжилгээ хийн, ямар тохиолдолд халдвартай хүн “сөрөг” шинжилгээтэй гарч буйг тодруулжээ.

Бостон дахь Массачусетсийн Нэгдсэн Эмнэлгийн эмч, судлаачид “COVID-19”-ийн шинж тэмдэг илэрсэн болон бусад шалтгаанаар SARS-CoV-2 халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн 15 мянга гаруй хүний PCR шинжилгээний хариуг судлав. Үүнээс 2700 гаруй хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гэж гарсан байна. Тэдгээр хүнд хоёр долоо хоногийн дараа хоёр дахь PCR шинжилгээг хийхэд 60 хүнээс буюу 2,2 хувьд нь коронавирус илэрчээ.

Эдгээр хүнд халдварын шинж тэмдэг илрэхээс нэг хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс 7 хоногийн дараа анхны шинжилгээ хийгдсэн байсан аж. Үүнээс дүгнэвэл "PCR" шинжилгээг халдвар авах явцын эхэн буюу хожуу үед хийхэд сөрөг гарах магадлал өндөр байгаа юм. 

СУДАЛГАА 3: “COVID-19” ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ӨРГӨН ТАРХДАГ

БНХАУ-ын Ухань мужийн коронавирусийн дамжуулалтын талаар өргөн цар хүрээтэй судалгаа хийхэд гэр бүлийн хүрээнд тархах магадлал хамгийн өндөр байгааг тогтоожээ.

Мэриланд мужийн Бетесда дахь Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Хятадын Шанхай дахь Фудан их сургуулийн эрдэмтэд Ухуань мужид халдвар авсан 1178 хүн, тэдний гэр бүл, ойр дотнын нийт 15 мянга гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтдийн судалснаар хамт нэг газар амьдардаг хүмүүс халдварыг бие биедээ тараах хамгийн өндөр эрсдэлтэй бөгөөд тэд цааш бусад хамаатан садан, ойр дотнынхондоо халдааж байсан аж. Харин нийтийн тээвэр, оффис гэх мэт нийгмийн харилцаа холбоо, олон нийтийн уулзалтаар халдварыг дамжуулах магадлал гэр бүлийн хүрээнээс хэд дахин бага байжээ.

Эх сурвалж: Nature