Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим залилангаас сэргийлцгээе

Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим залилангаас сэргийлцгээе

21-р зуун бол техник технологи, мэдээ мэдээллийн эрин зуун билээ. Тэр ч утгаараа хүмүүс ухаалаг утас, таблетаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авахаас гадна өөрсдийн хэрэгцээндээ тулгуурлан олон төрлийн үйлчилгээг ашиглах боломжтой болсон билээ. Бүх зүйл цахим хэлбэрт шилжсэнээр бид гэрээсээ худалдан авалт хийх, төлбөр тооцоогоо утаснаасаа төлөх бүр гэрийнхээ хүнсийг ч захиалан авах боломж бүрдсэн юм. Харин энэ бүхэнд нэн шаардлагатай зүйл бол цахим банкны хэрэглээ буюу та бидний мэддэгээр интернет банк.

-ЦАР ТАХЛЫН ОНЦГОЙ ҮЕД АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ, УРАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ ЗЭРЭГ ЗАЛИЛАН ИХЭЭР ЯВЖ БУЙ УЧИР ИРГЭД АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ -

Бид өдөр тутамдаа өөрсдийн харилцагч банкны цахим үйлчилгээг ашигладаг. Энэ нь бидний цаг, завыг хэмнэх хамгийн чухал давуу тал болдог. Гэвч интернет хэрэглээ ихсэх тусам цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо ихэссээр байгаа нь харамсалтай. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 41 гэмт хэрэг бүртгэгдэж мөн оны өмнөх үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн үед манай улсад иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр болон нууц үгийг Фишинг /Phishing/ залилан ашиглан олзлох үйлдэл ихсэх болсон.

Энэ нь иргэдийн фэйсбүүк хаягийг хууль бусаар олзолж авч мэдээллийг өөрчлөх, бусдад худалдан борлуулах, аль эсвэл бүртгэлтэй утасны дугаар, цахим шуудангийн мэдээллийг ашиглан иргэдийг залилах замаар интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг сэргээж доторх мөнгийг шилжүүлэн авах үйлдлүүд олноор гарах болсон. Фишинг “Phishing” залилан нь иргэдийн итгэл дээр үндэслэж цахим шуудан, олон нийтийн сүлжээнд анхаарал татахуйц мэдээлэл нийтэлж, хуурамч холбоосоор дамжуулан жинхэнэ юм шиг харагдах фэйсбүүк болон цахим шуудангийн вэб хуудаст нэвтрүүлж, нэвтрэх нэр нууц үг зэргийг олж авдаг.

Фэйсбүүк хаягаа Фишинг /Phishing/ залиланд алдсанаар таны хаягийг ашиглаж ойр дотны хүн болон найз нөхдөөс мөнгө гуйх, танд бүртгэлтэй интернет банкны дансыг ашиглах зэрэг өндөр эрсдэлтэй. Тиймээс бид цахим орчинд хянамгай байж таних, танихгүй ямар ч хүнээс ирсэн линк, холбоосыг нягталж үзэх шаардлагатай.

-ИРГЭДИЙН МЕССЕНЖЕР ЛҮҮ КОВИД-19 ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭЖ БУЙ ТУЛ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ
ОРОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр арваннэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд хүн бүр цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлага тулгараад байна. Тиймээс бид бүхний түгээмэл ашигладаг, харилцагчдын итгэлийг хүлээж чадсан “ХААН БАНК”-наас дараах мэдээлэл зөвлөмжүүдийг иргэддээ хүргэж байна.

  • COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
  • Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
  • Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
  • Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас худалдан авалтын захиалга хийхгүй байх;
  • Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  • Олон улсын эсхүл автомат дуудлагыг хүлээн авахдаа тоон дээр дарахгүй байж, дуудлагыг таслах;
  • Мессежээр болон олон нийтийн чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж, өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэх,
  • Банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй болохыг анхаарна уу. Үүнээс гадна COVID-19 цар тахалтай холбоотой мэдээ мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яам болон бусад албан ёсны эх сурвалжаас баталгаат сувгаар авч байхыг зөвлөж байна.

Мөн цар тахлын онцгой энэ үед цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээгээр “амархан мөнгө олох арга хуваалцая, энэ уралдаанд нэгдэж азтан болох боломжтой” гэх мэт хуурамч мэдээлэл түгээн иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авдаг тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр 11-р сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

/“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийн хүрээнд тус зөвлөмжийг  ХААН Банктай хамтран хүргэлээ./