Манай улсад энэ сард тарваган тахлын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн нь дэлхий нийтээр тархаад буй коронаврирусээс гадна гадаадынхны анхаарал, болгоомжлолыг татах бас нэгэн үндэслэл болсон юм.
Учир нь Өвөрмонголын Шинжаан, Уйгур болон манай улсын Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, хүн нас барсанаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэж, энэ талаар анхааруулан, сэрэмжлүүлж эхэлсэн билээ. ОХУ ч мөн уг тахлаас болж хилээ түр хугацаанд хаасан байдаг. Тэгвэл манай урд хөршийн үндэсний томоохон хэвлэл “Синьхуа” агентлаг Монгол улстай ойрхон оршдог улсын хувьд энэ талаар өчигдөр дахин сэрэмжлүүлж тус агентлагаас авсан мэдээллээр Европын хэвлэлүүд ч шуугьж эхлэв. Ингээд Европын BBC агентлаг Монгол улсад гараад буй тахлын талаар хэрхэн өгүүлснийг орчуулан хүргэж байна.
-МОНГОЛД НЭГЭН ХОС ТАРВАГАНЫ ТҮҮХИЙ БӨӨРИЙГ ЭРҮҮЛ МЭНДЭД
ТУСТАЙ ХЭМЭЭН ИДСЭНЭЭС ИДЭЭТ ӨВЧНӨӨР НАС БАРЖЭЭ-
Монгол Улсын баруун хэсэгт орших Ховд аймагт бөөрний тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв мэдээллээ. Тус аймгийн Үенч суманд зургаан настай хүүхэд одоо орон нутгийн эмнэлэгт тусгаарлагдсан талаар ГССҮТ-ийн захирал Н.Цогбадрах хэллээ. Тухайн хүүхэд үхсэн тарвагаар тоглосны дараа өндөр халуурч, арьсны тууралт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн гэж албаны хүн нэмж хэлэв. Өнөөдрийг хүртэл Монгол улс даяар нийтдээ долоон тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогджээ.
Энэ сарын эхээр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд мөн Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахлаас болж нас барсан юм. Өнгөрсөн тавдугаар сард Монголд нэгэн хос тарваганы түүхий бөөрийг идсэнийхээ дараа идээт өвчнөөр нас барсан нь үүнийгээ эрүүл мэндэд тустай ардын эмчилгээ гэж үзсэнээс болжээ.
-МОНГОЛ УЛСЫН 21 АЙМГИЙН 17 НЬ ТАРВАГАН ТАХЛААР
ӨВЧЛӨХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА-
Мөн тус улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Манай улсын 21 аймгийн 17 нь тарваган тахлаар өвчлөх өндөр эрсдэлтэй байна” гэж мэдээлжээ. Тиймээс Монгол улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өндөр эрсдэлтэй аймгуудад эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, халдварт өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж ажиллахыг албаны хүмүүст үүрэг болгосон байна.
-ТАРВАГАН ТАХАЛ НЬ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БИЕИЙГ 24 ЦАГИЙН
ДОТОР УСТГАХ ЧАДВАРТАЙ-
Тарваган тахал бол тарвага зэрэг зэрлэг мэрэгч амьтан дээр амьдардаг бактерийн өвчин юм. Энэхүү өвчнийг яаралтай эмчлэхгүй бол насанд хүрээгүй хүүхдийг 24 цагийн дотор амьгүй болгож чаддаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай үхлийн тахал үүссэнээс хойш олон зуун жилийн турш нам гүм үргэлжилж байсан өвчний тохиолдол дахин Монгол улсад ийнхүү батлагдав. Дундад зууны үед энэхүү тахлаас болж Европын орнуудад 50 сая орчим хүн амь үрэгдэж байсан бөгөөд “Хар тахал” хэмээн нэрлэж байжээ. Харин орчин үеийн антибиотик эмчилгээг түргэн хугацаанд хийж чадвал өвчний хүндрэл, үхлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тахлын гурван хэлбэрийн нэг болох хавагнах тунгалгийн булчирхай нь өвдөх, халуурах, жихүүдэс хүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдгийг үүсгэдэг. 1911 онд тарваган тахал тархаж, Хятадын зүүн хойд нутагт 63000 орчим хүн амь насаа алджээ.