Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Италийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Италийн Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Зүүн Азийг хариуцсан захирал Донато Морэа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газраас бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн шинэчлэл, бодлогын арга хэмжээний талаар танилцуулав.
Италийн талаас Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн үйл ажиллагаа болон Монгол Италийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих боломжийн талаар мэдээлэл өгч, Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, санхүүгийн баталгаа, экспорт, импортын хамтын ажиллагааг дэмжих санхүүгийн шийдлүүдийн талаар танилцууллаа. Мөн энэ чиглэлд Монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр энэ оны зургаадугаар сарын сүүлээр Италийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгааг дурдсан бөгөөд уг айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг судлах талаар санал солилцлоо.