Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр /2026.03.10/ Франц улсын Булонь Биянкур хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад оролцлоо.

Тус уулзалтыг Франц улс болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) хамтран зохион байгуулсан бөгөөд цөмийн эрчим хүч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмэр, эрчим хүчний төслүүдийн санхүүжилт, дэвшилтэт технологи, аюулгүй байдал, салбарын стандарт, хяналт шалгалтын тогтолцоог харилцан уялдуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн чухал арга хэмжээ болж өнгөрлөө. Мөн жижиг модульт реактор, цөмийн станцын түлшний нийлүүлэлт, салбарын хүний нөөц зэрэг асуудлыг төр, аж үйлдвэр, олон улсын байгууллага, шинжлэх ухаан, төрийн бус байгууллагын төлөөлөгчид олон талаас нь хэлэлцсэн байна.

Уулзалтыг нээж Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон үг хэлэхдээ цөмийн эрчим хүч нь улс орнуудын стратегийн бие даасан байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр мөн цөмийн салбарын тогтвортой байдалд түлшний баталгаатай нийлүүлэлт чухал болохыг дурдаж, уран олборлодог орнуудын дунд Монгол Улс, Казахстан Улсыг нэрлэн, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Энэхүү дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын удирдлага, аж үйлдвэр болон банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцож, цөмийн эрчим хүчний ирээдүй, бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцжээ.

Сайд Б.Батцэцэг нээлтийн хуралдаанд оролцож, Монгол Улсын эрчим хүчний төлөв, цөмийн эрчим хүчний талаарх байр суурийг олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан танилцуулж, манай улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдал нэн чухал болохыг онцлов. Мөн аюулгүй, тогтвортой, хямд цөмийн эрчим хүчний хөгжлийг Парисын хэлэлцээрийн уур амьсгалын зорилтуудтай уялдуулах нь чухал болохыг илэрхийлсэн байна. Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Б.Батцэцэг Францын Европ, Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барротой хоёр талын уулзалт хийж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов. Уулзалтаас “Хямд, аюулгүй цөмийн эрчим хүчийг хүн бүрийн төлөө” тунхаглал болон цөмийн эрчим хүчний салбарын санхүүжилтийн тухай хамтарсан мэдэгдэл баталсанд Монгол Улс нэгдэн орлоо.