Манай улсын 105 жилийн түүхтэй ууган нам болох МАН дотроо эмэгтэйчүүд, ахмад, залуус зэрэг улс төрд нөлөө бүхий холбоодтой. Өнгөрсөн сарын 14-нд Монголын Эмэгтэйчүүдийн Социал Демократ Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа сонгогдсон. Түүнийг МАН-ын дарга Н.Учрал нэр дэвшүүлсэн юм. Харин энэ үеэр Д.Үүрийнтуяагийн танилцуулсан “Women” гэх бодлого нь оюуны өмчийн зөрчилтэй байж болзошгүй талаар менежментийн зөвлөх, төслийн удирдагч О.Энхзул шүгэл үлээсэн. Энэ асуудлаар бид түүнтэй ярилцлаа.
ВИДЕО:
-Юуны өмнө урилга хүлээн авсанд баярлалаа. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулсан “Women” бодлого таны оюуны өмчийг ашигласан байж болзошгүй гэсэн асуудал гарч ирсэн. Та үүнийг хэрхэн батлах вэ. Танд баримт нотолгоо бий юу?
-Надаас нэмэлт тайлбар авахаар хандсанд баярлалаа. Миний тавьсан посттой холбоотойгоор тайлбарлая. “Women” гэдэг үг өөрөө товчлол байдлаар задлагддаг байх бодлогыг би анх УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад танилцуулж санал болгосон. Тухайлбал, W–Wellbeing, O–Opportunities, E–Entrepreneur ,M–Motherhood, N-National values юм. Эдгээр үг бүрийн ард тодорхой бодлогын агуулга, хөтөлбөрийн санаачилга багтдаг. Би Д.Үүрийнтуяа гишүүнтэй ажлын шугамаар хэд хэдэн удаа уулзахдаа “Empower” гэсэн бодлогын томьёоллыг танилцуулж байсан. Энэ нь олон улсад хэрэглэгддэг “Women empowerment” буюу эмэгтэйчүүдийн чадавхжуулалтын ойлголттой холбоотой. “Empower” гэдэг үгийг би шинээр зохиосон биш. Харин үсэг бүрийг бодлогын тодорхой чиглэлтэй уялдуулж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай холбож боловсруулсан. Жишээ нь:
- Employment – хөдөлмөр эрхлэлт
- Entrepreneurship – бизнес эрхлэлт
- Protection / Motherhood – эхчүүдийн хамгаалал
- Wellbeing – эрүүл мэнд, сэтгэл зүй
Эдгээрийг би судалгаанд үндэслэн боловсруулж, уулзалтуудын үеэр самбар дээр бичиж тайлбарлаж байсан. Тиймээс миний санаанаас тодорхой хэмжээгээр авсан эсэх нь ойлгомжтой гэж үзэж байна.

-Тэгвэл та яагаад боловсруулсан бодлого, үзэл баримтлалаа алдах хэмжээнд хүрсэн юм бэ?
-Би менежментийн зөвлөх, сургалт явуулдаг хүн. Магистраа хамгаалж ирснээсээ хойш олон улсын байгууллагад ажиллаж, ТББ байгуулж нийгмийн асуудлууд дээр ажилласан. Нийгмийн асуудлыг хурдан шийдэхийн тулд шийдвэр гаргах түвшний улс төрийн удирдлагуудтай хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж зөвлөхүүд маань хэлж байсан. Энэ байр сууринаас МАН-д гишүүнээр элссэн. Би шууд улс төрийн карьер хөөхөөс илүү бодлого боловсруулах, зөвлөх чиглэлээр оролцож байсан. Энэ хүрээнд тухайн үед Цахим хөгжлийн сайд байх үед нь Н.Учрал сайдтай ажлын шугамаар холбогдож, зарим төсөл дээр хамтарч ажилласан.
Хожим эмэгтэйчүүдийн холбооны шинэ удирдлагын асуудал яригдах үед намын даргын зүгээс холбогдож, бодлогын шинэчлэлд оролцох санал тавьсан. Д.Үүрийнтуяа гишүүнтэй хэд хэдэн уулзалт хийж, санал санаачилга өгсөн. Тэр үед надад дэд ерөнхийлөгчөөр ажиллах санал тавьж, бодлого, стратеги болон Эмэгтэйчүүдийн манлайллын академи дээр голлон ажиллуулах тухай ярьж байсан.
Би хувийн ажлаа хойшлуулж, нислэг хүртэл цуцлаад энэ ажилд оролцохоор очсон. Гэтэл хурал дээр очиход ярьж байсан бүтэц, амлалт огт өөр болсон байсан. Миний нэр дэд ерөнхийлөгчийн танилцуулгад ч байгаагүй. Тиймээс би “Ийм амандаа хүрдэггүй хүнтэй хамтарч ажиллах боломжгүй” гэж үзээд хурлыг орхиж гарсан.
-Зарим хүмүүс энэ бол ёс зүйн хүрээнд шийдэгдэх асуудал гэж үзэж байна. Та үүнд юу хэлэх вэ?
-Би эхнээсээ үүнийг шууд оюуны өмчийн маргаан болгож тавиагүй. Мөн “дэд ерөнхийлөгч болоогүйдээ гомдоллож байна” гэсэн асуудал ч биш. Хоёр долоо хоногийн зайтай болсон хоёр хурлыг харьцуулж харахад соёлын хувьд маш өөр байсан.
МАН-ын Бага хурал илүү нээлттэй, оролцоог хангасан, бодлогын хэлэлцүүлэг өрнөсөн уур амьсгалтай байсан. Харин эмэгтэйчүүдийн холбооны хурал бараг юу болж байгаа нь ойлгомжгүй, бүгд алга ташаад өнгөрдөг мэт уур амьсгалтай байсан. Нэг нам дотор ийм хоёр өөр соёл байж болох уу гэдэг асуулт надад төрсөн.
Миний хэлэх гэсэн гол мессеж бол нам дотроо манлайлагчдаа зөв шалгуураар сонгох, бодлого боловсруулж чаддаг хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Үгүй бол дунд болон урт хугацаанд байгууллагад өөрт нь сөрөг нөлөөтэй. Эмэгтэйчүүдийн холбооны нээлтийн үеэр намын дарга Н.Учрал “HeForShe” хөдөлгөөний жишээг дурдаад, эмэгтэйчүүд ч гэсэн “SheForShe” буюу эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг байх хэрэгтэй гэж хэлсэн. Би энэ санааг маш зөв гэж бодсон. Гэхдээ дэмжлэг гэдэг нь зөвхөн ашиг сонирхол, санхүүгийн хүрээнд ойлгогдох ёсгүй. Үнэхээр ажил хийх хүсэлтэй, мэргэжлийн хүмүүсээ дэмжиж хамтарч ажиллах нь өөрсдөд нь ч хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.