Монгол Улс 2026 оны эхний хоёр сарын байдлаар нийт 1.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортоор авсан бөгөөд үүнээс суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар буурчээ.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний хоёр сарын хугацаанд Монгол Улсад импортлогдсон барааны 25.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн хоёрдугаар сарын байдлаар нийт 12 мянга 228 ширхэг суудлын автомашин импортоор орж ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53.9 хувиар буурсан хэмээн ГЕГ-аас мэдээллээ. Харин шатахууны импортын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.
Тодруулбал, 218.9 мянган тонн авто бензин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн байна. Үүнээс гадна хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортод өөрчлөлт ажиглагдаж байгаа бөгөөд цагаан будааны импорт өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлттэй байгаа бол тахиа, гахайн мах, өөх, жимс, самрын импорт 27 хувиар нэмэгдсэн байна.
Б.Ану