Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжлийн шинэ боломжийг хэлэлцэх “Аялал жуулчлалын долоо хоног” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар оролцож, аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлого, зорилтыг танилцуулсан байна.
2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрч, аялал жуулчлалын салбар түүхэнд байгаагүй өсөлтийг үзүүлжээ. Тодруулбал, 2025 онд Монгол Улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн байна.
Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайн салбараар хэмжихгүй гэдгийг онцолж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжихээр ажиллаж байгааг дурдлаа. Үүний хүрээнд аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан зургаан хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа баталсан байна. Монголын байгаль, нүүдлийн соёл, өв уламжлалд суурилсан аялал жуулчлал олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтойг Ерөнхий сайд онцлов.
Түүнчлэн Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдсэн байна. Мөн CNN агентлагаас гаргасан “2026 онд аялах шилдэг газрууд”-ын жагсаалтад Орхоны хөндий багтсан нь Монголын аялал жуулчлалын боломжийг дэлхийд дахин таниулсан үйл явдал болсныг дурдлаа. Монгол Улс Global Peace Index буюу Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь аялал жуулчлалын салбарын давуу тал болж байгааг онцолсон байна.
Ерөнхий сайд аялал жуулчлал бол зөвхөн эдийн засгийн салбар биш, Монгол Улсын соёл, үнэт зүйл, үндэсний онцлогийг дэлхийд таниулах бодлого гэдгийг онцлоод салбарын ажилтнуудыг Монголын соёл, нэр хүндийг түгээгч “үндэсний элч нар” гэж тодорхойлжээ. Мөн 2026 онд Монгол Улсад олон улсын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахыг онцоллоо. Тухайлбал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад зохион байгуулагдана. Мөн дэлхийн томоохон eSports тэмцээнүүдийн нэг болох Counter‑Strike дэлхийн аварга шалгаруулах “Чингис хаан цом” тэмцээнийг 2026 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсныг зарлалаа. Тэрбээр аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг бэлтгэлээ хангаж, Монгол Улсад ирэх олон улсын зочид, жуулчдыг өндөр түвшинд хүлээн авахад хамтран ажиллахыг уриалжээ.