"Өнөр бүл" хүүхэд асрамжийн төвд амьдардаг байсан хүүхдүүд бүлэглэн зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмт хэрэг үйлдэж, нэг нь хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, тус төвд амьдардаг байсан Б.А нарын өсвөр насны долоон хүүхэд бүлэглэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмдэж, улмаар биед нь халдаж, нэг нь хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм.
Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нэр бүхий залуучууд нь бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б, Т нарын биед нь халдаж, иргэн Ц-ын биед зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан түүний өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг дээрэмдэж, үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.А нь иргэн Б-г хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ. Тиймээс өсвөр насны яллагдагч болох Б.А-д холбогдох хэргийг тусгаарлан, түүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэн шалгаж дуусаад, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, дээрх гэмт хэрэгт холбогдсон нэр бүхий өсвөр насны хүүхдүүд нь "Өнөр бүл" асрамжийн газар хүмүүжиж байсан бөгөөд тухайн хэрэг гарах үед зарим нь төвөөсөө гарч яваад ийнхүү гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байдаг юм.