Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн бэлэн байдал, хэрэглэгчдийг дулаанаар хангах, түгээх үйл ажиллагааны үр дүнд хийх гүйцэтгэлийн аудитыг Үндэсний аудитын газраас эхлүүллээ. 

Аудитын нээлтийг Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд хийж, аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, аудитыг гүйцэтгэх хугацаа болон анхаарах асуудлын талаар танилцуулсан юм. Энэхүү аудитаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай бэлэн байдал, өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг хангах бодлого, тогтолцоо үр нөлөөтэй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгнө. Аудитад төвлөрсөн дулаан хангамжийн бэлэн байдлаас гадна төвлөрсөн инженерийн байгууламжгүй байшин, гэрт амьдарч буй иргэд, мөн хэсэгчилсэн дулаан хангамжаар дулааны асуудлаа шийдвэрлэсэн байгууллага, иргэдийг дулаанаар болон түлшээр хангах үйл ажиллагааг хамруулан хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрсөн, хэсэгчилсэн дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний урьдчилсан судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, төсөл хөтөлбөрийн гэрээ, ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн баримт болон бусад холбогдох материалд аудит хийж, үр дүнг үнэлнэ. Аудитад Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, цахилгаан болон дулааны станцууд, холбогдох бусад байгууллагын 2020–2025 оны үйл ажиллагааг хамруулахаар төлөвлөсөн байна. Аудитын тайланг энэ оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх юм.