ВИДЕО: Зарим хүмүүсийн бизнес болсон замын гэрлэн дохио Улаанбаатарын түгжрэлийн нэг шалтгаан болж байна

ВИДЕО: Зарим хүмүүсийн бизнес болсон замын гэрлэн дохио Улаанбаатарын түгжрэлийн нэг шалтгаан болж байна

Нийслэлд амьдарч буй хэн бүхэнд түгжрэл толгойн өвчин болсоор олон жилийг ардаа үдэж байна. Зарим судалгаагаар нийслэлийн иргэд жилд нэг сартай тэнцэх хэмжээний цаг хугацааг түгжрэлд зарцуулдаг гэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр их хэмжээний мөнгө зарцуулж байгаа ч тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаас өөр дорвитой зохицуулалт хийж чадалгүй өнөөдрийг хүрлээ.

Тэгвэл түгжрэлийн нэг шалтгаан нь эрх бүхий албан тушаалтнуудын бизнес болсон гэрлэн дохио хэт олонтой холбоотой гэж салбарынхан үздэг байна. Уг асуудлаар Замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер П.Цэвэгмидтэй цөөн хором ярилцлаа.

ВИДЕО: 

"ТАВАН ШАРААС МУБИС ХҮРТЭЛ НАЙМАН КМ ЗАМД 23 ГЭРЛЭН ДОХИО БАЙДАГ"

-Гэрлэн дохио замын хөдөлгөөнийг зохицуулдаг ч нөгөө талаасаа түгжрэлийн нэг шалтгаан болдог гэдэг. Үүнийг тодорхой жишээгээр тайлбарлахгүй юу?

-Гэрлэн дохио нэг талаасаа хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа ч нөгөө талаасаа түгжрэлийн үндэс болдог. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас МУБИС хүртэлх чиглэл нийт найман км урттай. Гэтэл энэ найман км замд 23 гэрлэн дохио байрласан байна. Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөн түгжирч байгаа нэг шалтгаан нь энэ олон гэрлэн дохио юм.

"ГЭРЛЭН ДОХИОНЫ ТАКТ ОЛОН БАЙХ ТУСАМ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭХ МАГАДЛАЛ НЭМЭГДЭНЭ"

-Гэрлэн дохионы “такт” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь түгжрэлтэй хэрхэн холбоотой вэ?

-Гэрлэн дохио нь нэг чиглэлийн хөдөлгөөнийг нэвтрүүлж, нөгөөг нь зогсоодог зохицуулалт юм. Энхтайваны өргөн чөлөөнд байрласан явган хүний гарцууд дээр ихэвчлэн хоёр такттай гэрлэн дохио байдаг бол бусад уулзварт 3–4 такттай гэрлэн дохио ажиллаж байна. “Такт” гэдгийг энгийнээр тайлбарлавал ээлжилж нэвтрүүлэх дараалал гэсэн үг. Хэрэв нэг удаа улаан гэрлээр зогсоод, нэг удаа ногоон гэрлээр явдаг бол хоёр такттай гэсэн үг. Харин 3–4 такттай бол нэг удаа ногоон гэрлээр яваад, 2–3 удаа улаан гэрлээр хүлээх нөхцөл үүснэ. Ингэснээр уулзвар дээр тээврийн хэрэгсэл бөөгнөрөх нь ойлгомжтой.

- Энэ бөөгнөрлийг техникийн талаас нь хэрхэн тодорхойлдог вэ?

-Үүнийг техникийн хэллэгээр “бөөгнөрлийн коэффициент” гэж нэрлэдэг. Гэрлэн дохионы такт олон байх тусам бөөгнөрөл үүсэх магадлал нэмэгдэнэ.

- Түгжрэлийг бууруулахын тулд ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

-Хэрэв түгжрэл үүсэж байвал гэрлэн дохионы горим, тохиргоонд өөрчлөлт оруулах шаардлагатай. Жишээлбэл, 3–4 такттай гэрлэн дохиог цөөлөх замаар уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж болно. Такт багасгана гэдэг нь тодорхой чиглэлийн хөдөлгөөнд зохицуулалт хийхийг хэлнэ. Тухайлбал, зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглох зэрэг арга хэмжээ авч болно. Ийм байдлаар тактыг багасгавал уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, түгжрэл буурна.

"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ЯВГАН ЗОРЧИГЧИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ОРОН ЗАЙГААР ТУСГААРЛАХ ЁСТОЙ"

- Ер нь хамгийн оновчтой зохион байгуулалт юу вэ?

-Замын хөдөлгөөний зохион байгуулалтын хувьд хамгийн үр дүнтэй шийдэл бол тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнийг орон зайгаар тусгаарлах явдал. Өөрөөр хэлбэл, явган хүний гарцыг гүүрэн болон газар доогуур байгуулах хэрэгтэй. Мөн тээврийн хэрэгслийн уулзварыг давхар зам, гүүрэн гарцаар шийдэж, гэрлэн дохиогоор зогсохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

- Улаанбаатар хотын хувьд гэрлэн дохионы тоо хэр зохистой байна вэ?

-Гэрлэн дохио нь төгс зохион байгуулалтын шийдэл биш. Улаанбаатарт гэрлэн дохио хэт олонтой байна. 200–300 метр яваад л нэг гэрлэн дохио таарна. Зарим тохиолдолд 100 метр тутамд ч гэрлэн дохио байрлуулсан байдаг. Энэ нь нөгөө талаасаа бизнесийн шинжтэй болсон гэж хэлж болно. Нийслэлд гэрлэн дохио байрлуулдаг компаниудын тоог харахад л энэ байдал тодорхой харагдана.

- Тэгвэл түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд ямар чиглэл баримтлах ёстой вэ?

-Түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд нэн тэргүүнд гэрлэн дохионы тоог цөөлөх, тактыг оновчлох, уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бол хэрэгжүүлэхэд төвөгтэй биш, энгийн зарчим юм.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө