Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрчүүдийг эхнэр, найз охиндоо хоёр хоногийн дараа л амьгүй болох “ямааны хоол” болсон цэцэг өгөхийн оронд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ХПВ вакцинд хамруулахыг уриалсан.
Энэхүү уриалгын дагуу өчигдөр /2026.03.08/ буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэдэн иргэн вакцинд хамрагдсан талаар тодруулахад “Өчигдөр бүх нийтийн амралтын өдөр болон ням гарагтай давхацсан тул эрүүл мэндийн байгууллагууд амарсан” гэж мэдээллээ.
ХПВ нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог вирус бөгөөд урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт юм. Манай улсад уг вакциныг тодорхой насны хүүхдүүдийг хамруулан хийх дархлаажуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. ХПВ-ийн эсрэг вакциныг өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудаар хийж байгаа бөгөөд иргэд ажлын өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.