СУРВАЛЖИЛГА: “Спортын төв ордон”-ыг нурах аюултай гэж хоёр удаа акталсан ч, хана нь цуурч, мөөгөнцөртсөн зааланд хүүхдүүд хичээллэсээр байна

СУРВАЛЖИЛГА: “Спортын төв ордон”-ыг нурах аюултай гэж хоёр удаа акталсан ч, хана нь цуурч, мөөгөнцөртсөн зааланд хүүхдүүд хичээллэсээр байна

1940-1950-иад оны үеэс Монгол улсад их спортын төрлүүд хөгжиж эхэлсэн бөгөөд зарим төрлөөр улсын шигшээ багууд байгуулагдсанаар спортын заал танхим бүхий ордон, барилга байгууламж шаардлагатай болжээ. Ийнхүү залуу жанжин Ж.Лхагвасүрэн санаачлан, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар “Спортын Төв Ордон”-ыг бариулж 1958 онд ашиглалтанд оруулж байжээ.

ВИДЕО: 

-“Спортын төв ордон”-ыг “барилгын насжилт дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй” гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас гаргаж акталсан-

“Спортын төв ордон” 1958 онд баригдсанаар Монгол Улсын шигшээ багууд бэлтгэл сургуулилт хийх байртай болж зөвхөн энэ ордноос олон тив, дэлхий, олимпын медалтнууд төрөн гарсан байдаг. Гэвч анх баригдсанаас хойш 68 жил өнгөрсөн ч энэ хугацаанд дотно, гадна өнгөц засвар хийснээс өөрөөр барилгын насжилтыг уртасгах томоохон хэмжээний засвар огт хийгдээгүй хэвээр байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр ч удаа  “Спортын төв ордон”-ыг “барилгын насжилт дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй” гэх дүгнэлтийг гаргаж 20 орчим жилийн өмнө акталсан ч одоог хүртэл үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Акталсан тус ордны үйл ажиллагааг зогсох нь байтугай 2009 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 38 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг олгосноор Нийслэлийн ерөнхий боловсролын “Спортын төв сургууль” үйл ажиллагааг эхлүүлж байсан. Тус сургууль жилдээ 70-80 хүүхдийг спортын 8 төрөлд сонгон шалгаруулж авдаг бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй сурагч, 60 гаруй багш, дасгалжуулагч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүн дээр нэмэгдээд жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон зааланд үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид бэлтгэл, сургуулилтаа базаадаг.

Гэтэл ордны заалнуудын өнгө, үзэмжийг сайжруулж, модон рекээр доторлож, гадна пассат хийсэн гэх мэт жижиг засварын ажил л баригдсан цагаас хойш хийснээс биш хана цуурсан, даацын багананууд эмтэрсэн, хана, дээвэр мөөгөнцөртсөн, заалны том цонхны зарим хэсэг хагарсан зэрэг томоохон асуудлыг нэг ч удаа засварлагдаагүй байна.

-"Агаарын сэлгэлт байхгүй учраас хөлс гэх мэт онцгүй зүйлс их үнэртдэг"-

“Спортын төв ордон”-ы хана, таазны мөөгөнцөр тус ордонд бэлтгэл хийдэг тамирчдын хувьд маш том асуудал болсон. Мөөгөнцөртэй газар удаан байх нь амьсгалын зам болон дархлаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөөгөнцрийн спор агаарт тархаж амьсгалаар орсноор ханиалгах, амьсгал давчдах, астма сэдрэх эсвэл үүсэх магадлал нэмэгддэг. Гэтэл энэ хүнд нөхцөлд монголын шигшээ багийн тамирчид болон ирээдүйн шилдэг тамирчид бэлтгэл, сургуулилтаа базаасаар байна.

ISee.mn сайтын сурвалжлах баг “Спортын төв ордон”-ы “А” заал руу ороход үзэгчдийн суух хэсэг хуучирсан, хананы зарим замаск хууларч газар унасан, хана, тааз мөөгөнцөртсөн, агаарын солилцоо муу, бүгчим, тоосжилт ихтэй нөхцөлд дугуйлан хичээллэж байв. Тухайн дугуйлангийн багшаас “Спортын төв ордон”-нөхцөл байдлын талаар тодруулахад, “Энэ заалны хувьд маш бүгчим, халуун байдаг. Агаарын сэлгэлт байхгүй учраас хөлс гэх мэт онцгүй зүйлс их үнэртдэг. “А” заалыг ирэх дөрөвдүгээр сард засна гэсэн. Одоо засварын ажил хийж орчин, нөхцөлийг сайжруулахгүй бол маш их хуучирсан. Тус ордныг хоёр удаа акталж, нурах аюултай гэж дүгнэж байсан гэж сонсож байсан. Гэхдээ энэ заалнаас өөр бэлтгэл сургуулилт хийх заал байхгүй шүү дээ” гэв.

-2015 онд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар “Шанхай констракшн” компанитай “Спортын төв ордонг шинэчлэх” санамж бичигт гарын үсэг зурж байсан-

Монголын үе үеийн алдарт тамирчдын хоёр дахь гэр болсон энэхүү ордонг шинчлэн барих асуудалд төрийн зүгээс тодорхой анхаарал хандуулгүй. Харин 2015 онд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар “Буянт-Ухаа” спортын ордонг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай “Спортын төв ордонг шинэчлэх” санамж бичигт гарын үсэг зурж байсан. Шинэчлэгдэх Спортын төв ордон нь 50 м усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагын төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгажуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, эдгээр тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалтанд хяналт тавих лабротори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөж байсан ч бидний мэдэж буйгаар одоог хүртэл баригдаагүй байгаа билээ.

Шинэчлэн барьдаггүй юм аа гэхэд, ашиглалтын хугацааг хугацааг уртасгах томоохон засварын ажил хийж “Спортын төв ордон”-оо аврахгүй бол 68 жил болж буй, өнөө маргаашгүй нурах дөхсөн тус ордонд олон мянган хүүхэд, ажилчид, шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа базаасаар байна. Тиймээс их засварын зураг төслийн явц, санхүүгийн зарцуулалтын бодит хэрэгжилтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.