Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны зургаа, гал түймрийн 66 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид 85 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Мөн гамшиг, ослын үеэр 9.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Түүнчлэн нийслэлийн ногоон бүс болон зуслангийн чиглэлд ой, хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн зургаан дуудлага бүртгэгдсэн байна. Иймд хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийх, хашаа болон орчныхоо шар өвсийг шатаахгүйгээр цэвэрлэх, хог хаягдлын галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын байгууллагаас иргэдэд анхаарууллаа.