Д.Трамп АНУ-ын хэлэлцээрт оролцогчдод Ирантай хэлэлцээр хийхдээ "яарахгүй байхыг" хэлжээ

Д.Трамп АНУ-ын хэлэлцээрт оролцогчдод Ирантай хэлэлцээр хийхдээ "яарахгүй байхыг" хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай явагдаж буй хэлэлцээ “ихээхэн ахицтай” байгаа ч яаравчлахгүйгээр эцэслэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэрээр өөрийн Truth Social платформ дээрээ “бүтээлч яриа хэлэлцээ үргэлжилж байна. Гэхдээ хоёр тал цаг гаргаж, бүхнийг зөв хийх ёстой” хэмээн бичсэн байна.

Д.Трамп өмнө нь хэлэлцээр “үндсэндээ тохирогдсон” гэж мэдэгдсэн нь удахгүй томоохон тохиролцоо зарлагдаж магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, хэлэлцэж буй багц тохиролцоонд гал зогсоох хугацааг 60 хоногоор сунгах, Ормузын хоолойг дахин нээх, мөн Ираны цөмийн хөтөлбөрийн талаар цаашид шат дараатай хэлэлцээ хийх асуудлууд багтаж байгаа аж.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай “талууд хэлэлцээрт хүрэхэд нэгэн зэрэг маш ойрхон атлаа бас маш хол байна” хэмээн мэдэгджээ.

Одоогоор хамгийн төвөгтэй асуудлууд болох Иранд тавьсан хоригийг сулруулах хугацаа, царцаасан хөрөнгийг чөлөөлөх нөхцөл, Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлыг дараагийн шатанд үргэлжлүүлэн хэлэлцэхээр үлдээсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио  Дели хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Ормузын хоолойг нээх болон цөмийн асуудлаарх бодит, чухал, хугацаатай хэлэлцээрийн суурь бий болсон” гэж онцолжээ.

Мөн Д.Трамп Иран “цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэдгийг ойлгох ёстой” гэж дахин онцолсон бол Тегеран цөмийн хөтөлбөрөө энхийн зориулалттай гэж мэдэгдсээр байгаа юм.

АНУ-ын хэвлэлүүдийн зарим мэдээллээр, хэлэлцээрийн хүрээнд Иран өндөр баяжуулсан ураны нөөцөө хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Дайны эхэнд Иран 60 хувийн баяжуулалттай 440 кг орчим урантай байсан гэж үздэг бөгөөд үүнийг цааш баяжуулбал цөмийн зэвсгийн түвшинд хүрэх боломжтой гэж барууны шинжээчид үздэг. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Иран цөмийн зэвсэг эрэлхийлэхгүй гэдгээ дэлхий нийтэд батлахад бэлэн” гэж төрийн телевизээр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC