Тост Тосон Бумбын Нуруунд археологийн хоёр мянга гаруй олдворыг бүртгэжээ

Тост Тосон Бумбын Нуруунд археологийн хоёр мянга гаруй олдворыг бүртгэжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бол Монгол орны хамгийн уудам газар нутагтай сум юм. Тус сумын нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг Тост Тосон Бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай газар эзэлдэг.

Зэрлэг амьтдын өлгий, цоохор ирвэсийн дэлхий дэх хамгийн өндөр нягтаршилтай эл нутгийг унаган төрхөөр нь хадгалан хойч үедээ өвлүүлэхийн тулд 2016 онд Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхэлсэн нутгийн иргэдийн санаачилга, уйгагүй тэмцлийн үр дүн байжээ. Хамгаалалтын захиргаа анх 2020 онд найман ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 17 орон тоотойгоор судалгаа шинжилгээ, эргүүл хяналтын үр дүнд дахин давташгүй байгаль, нутаг усаа хамгаалан ажиллаж байгаа аж.

МУИС болон Улаанбаатар их сургуулийн 2021 оны хамтарсан судалгаагаар Тост Тосон Бумбын Нуруунд 2000 гаруй археологийн олдворыг бүртгэсэн. Үүнээс онцолбол Чулуун зэвсгийн үеийн хоёр том суурин, Хүннүгийн үе болон 13-р зууны үеийн булшнууд бүртгэгджээ.   Мөн  тусгай хамгаалалттай газарт 750 гаруй янгир, 200 гаруй аргаль, 2000 орчим (шууд ажиглалтаар) хар сүүлт зээрийг тоолсон байна.