МАН-ын бүлэг “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

МАН-ын бүлэг “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2026.05.25/ ээлжит хуралдаанаа хийлээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төсөл болон "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг  хэлэлцсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын мэдээлснээр, "Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл нь Монгол Улсын ирээдүйн иргэдийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзжээ. Иймд УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гарсан санал, асуултуудыг дахин нягталж, хэлэлцүүлгийн шатанд илүү сайжруулан батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна.

Мөн О.Амгаланбаатар нарын 10 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах 17 хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцжээ. Тус хуулийн төслөөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн агентлагуудын салбар байгууллагын удирдлагыг орон нутгийн удирдлага томилох эрх зүйн зохицуулалт хийхээр тусгасан байна. Харин МАН-ын бүлгийн ажлын албаны хууль зүйн хэлтсээс уг зохицуулалт нь төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим болон холбогдох хуулийн заалтуудтай зөрчилдөж болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас нэмэлт дүгнэлт, зөвлөмж гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурийг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.