Прокурорын байгууллага 2026 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах” 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
-Ө.О нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, толгойн эм гэх нэршилтэй, 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг зиплок уутанд хийсэн, ногоон өнгийн 7 ширхэг эм, цагаан өнгийн 12 ширхэг эмийг 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж, улмаар мөн өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд *гэх нэртэй хүнсний дэлгүүрт толгойны эм нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ө.О-г “Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 19 эмийг устгахаар шийдвэрлэсэн.
-Ц.Х нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэршилтэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр оруулж, улмаар 2024-2025 онд нэр бүхий 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ц.Х-г Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэсэн байна.