Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, "Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13:14 "худал мэдээлэл тараах" зүйл нь Үндсэн хуулийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан Ажлын хэсэг Эрүүгийн хуульд өөрчлөлт хийх ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн ч явцын дунд хуульд нэмэлт оруулах байдлаар шинээр "гүтгэх" гэмт хэргийг төсөлд тусгаж, улмаар 2026 оны тавдугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороогоор эхний хэлэлцүүлгийг хийхээр товлоод байгааг эрс эсэргүүцэж байна.
Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох, урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаагаар далимдуулан сэтгүүлчдийг олноор нь хоморголох, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтоох санаархлаа хэрэгжүүлж ирснийг статистик судалгаа харуулж байгаа болно.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийг нийцүүлэн өөрчлөх үндсэн зорилгоос хэтийдэн шинэ нэмэлтийг оруулахаар хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олон нийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх, өргөн мэдүүлэх шаардлагатайг сануулж хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэжээ.