“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2026 онд “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор үргэлжилж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2026 онд “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн тав болон есдүгээр саруудын бүх Бямба, Ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэхүү санаачилга нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодит алхмуудыг өрнүүлэхэд чиглэж байна.

Өмнөх жилүүдэд уг арга хэмжээг “Хашаандаа мод тарья”, “Алтан намар мод тарих цаг” зэрэг уриан дор зохион байгуулж ирсэн бол 2026 онд “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриан дор илүү өргөн хүрээг хамруулан орон даяар хэрэгжүүлж эхэлжээ. Аян дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж, нийслэл болон орон нутгийн хэмжээнд идэвхтэй өрнөж байна. Аяны хүрээнд Улаанбаатар хотод тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа болон мод тарих нэгдсэн арга хэмжээг зэрэг зохион байгуулж байгаа нь иргэдэд оролцох өргөн боломжийг бүрдүүлж байна.

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа

  • Баянзүрх дүүргийн Жуковын талбай,
  • Налайх дүүргийн Соёлын төв ордны талбай,
  • Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэн,
  • Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд болж байна.

Харин мод тарих нэгдсэн арга хэмжээг

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,
  • Баянгол цэцэрлэгт хүрээлэн,
  • Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн,
  • Хоймор хайрхан,
  • Богд хаан уул зэрэг байршлуудад зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар болон бусад цэгүүдэд ч мод тарих боломжтой юм.

Мод тарих нь зөвхөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Иймд иргэдийг байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, гэр бүл, хамт олон, найз нөхдийн хүрээнд мод тарих аянд нэгдэхийг уриалж байна. “Байгальд өгсөн бүхэн буцаад ирдэг” уриатай энэхүү хөдөлгөөн нь иргэн бүрийн оролцоонд тулгуурлан илүү ногоон, эрүүл орчныг бүрдүүлэх зорилготой юм.