АНУ-ын “Эрх чөлөөний төсөл” хэрэгжиж эхэлснээр Ирантай гал зогсоох хэлэлцээ хурцадмал байдалд шилжсэн гэжээ

АНУ-ын “Эрх чөлөөний төсөл” хэрэгжиж эхэлснээр Ирантай гал зогсоох хэлэлцээ хурцадмал байдалд шилжсэн гэжээ

АНУ-ын хэрэгжүүлж эхэлсэн “Эрх чөлөөний төсөл” хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэ үед АНУ болон Ираны хоорондын гал зогсоох хэлэлцээ эрс хурцадмал байдалд шилжиж байгаа талаар BBC агентлаг мэдээлсэн байна.

Ираны тал АНУ-ыг “хямралын намаг руу дахин татагдан орохоос болгоомжлох хэрэгтэй” хэмээн анхааруулжээ. Түүний хэлснээр, Д.Трампын санаачилсан уг төлөвлөгөө нь Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг чөлөөлөх зорилготой ч бүс нутгийн нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй байна гэжээ.

Д.Трамп ням гарагт “Эрх чөлөөний төсөл”-ийг зарлаж, АНУ-ын цэргийн хүчнийг ашиглан хаагдсан усан замыг нээх ажиллагааг эхлүүлсэн юм. Үүний хүрээнд АНУ-ын Төв командлал АНУ-ын далбаатай хоёр худалдааны хөлөг онгоц амжилттай дамжин өнгөрсөн гэж мэдэгдсэн бол Ираны тал үүнийг “үндэслэлгүй мэдээлэл” хэмээн няцаажээ.

Мөн Д.Трамп Ираны долоон “хурдан завь”-ыг устгасан гэж мэдэгдсэн бол Maersk компани АНУ-ын цэргийн хамгаалалттайгаар Персийн булан дахь нэг хөлөг онгоцоо гаргаж чадсаныг баталсан байна.

Харин Ираны тал Ормузын хоолойг хаасан хэвээр байгаа гэж мэдэгдэж, АНУ-ын устгагч хөлөг онгоц руу анхааруулах буудлага хийсэн хэмээн мэдээлжээ. Үүнийг Вашингтон үгүйсгэж, харин Ираны “пуужин, нисгэгчгүй онгоц”-ыг устгасан гэж мэдэгдсэн байна. 

Үүний зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс Ираныг Фужайра дахь газрын тосны байгууламж руу пуужин, дроноор цохилт өгсөн хэмээн буруутгажээ. Бүс нутгийн нөхцөл байдал ийнхүү хурцдаж буй энэ үед Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC