“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Доржсүрэн нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Доржсүрэн нь 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Ч.М, Д.Т нартай бүлэглэж, тэдний хямд үнээр нүүрс худалдан авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Т...”, “Ю...Т...” ХХК-уудын хооронд 2014 онд үүссэн 587,8 сая төгрөгийн авлагыг “авлага шилжүүлэн барагдуулах” нэрээр бүртгэл дугааргүй гэрээг “Х... “ ХХК-тай байгуулсан, улмаар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын “Нүүрсний үнэ тогтоох тухай” тогтоолд тусгагдсан коксжих чанаргүй нүүрсний 1 тонн тутмын 49,5 мянган төгрөгөөр худалдах байсныг 8,3 мянган төгрөгөөр тооцож, 70 мянган тонн коксжих чанаргүй нүүрсийг “Х...” ХХК-д худалдан “Тавантолгой” ХК-д 2 тэрбум 879 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдад эдийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг. Тэгвэл тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.