Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбумын үнэ бүхий эд зүйлийг битүүмжилжээ

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбумын үнэ бүхий эд зүйлийг битүүмжилжээ

Цагдаагийн байгууллагаас цахим орчныг ашиглан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн, үйл ажиллагааг нь таслан зогсоожээ.

Тодруулбал, Pokerrr 2 аппликейшнийг ашиглан клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийн нийт 17 этгээдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, мөн 1 бүлгийн 6 этгээдийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байхад нь баривчилсан байна. Шалгалтын явцад гэмт хэрэгт ашиглагдсан гар утас, суурин болон зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хураан авч, битүүмжилжээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг “Э” гэх этгээдийг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоон, уг хэрэгт холбогдох 8 хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэн “Э” нь 2022 оноос эхлэн дээрх аппликейшнд клуб үүсгэн, сервер байршуулж, бусад этгээдүүдийг зохион байгуулалттайгаар ажиллуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Түүнчлэн уг хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг мөн битүүмжилсэн байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд зохион байгуулагдаж буй аливаа хууль бус мөрийтэй тоглоомд оролцохгүй байхыг анхааруулж, ийм төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхийг уриаллаа.