Д.Энхтүвшин: Нийслэлийнхэн "Эрдэнэбүрэн”, “Газрын тосны” төслийн халхавчин дор "Сэлбэ дэд төв"-ийг зүтгүүлж байгаа нь хардлага төрүүлж байна

Д.Энхтүвшин: Нийслэлийнхэн "Эрдэнэбүрэн”, “Газрын тосны” төслийн халхавчин дор "Сэлбэ дэд төв"-ийг зүтгүүлж байгаа нь хардлага төрүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй Гадаадын зээллэгийн үр ашиглалт, өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хүрээнд өрнөж буй маргаантай асуудлууд, тэр дундаа Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой байр суурийн талаар ярилцлаа.

ВИДЕО:

"ТӨР БОДЛОГООР ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ЁСТОЙ БОЛОХООС ОРОНД НЬ ОРЖ БҮХНИЙГ ХИЙХ ЁСГҮЙ"

– АН-ын бүлэг завсарлага авсны дараа МАН-ын бүлэг мөн завсарлага авсан. Танай намын бүлэг уг хуулийн төслийг дэмжих байр суурь дээр нэгдсэн үү?

–Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцсан. Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой асуудлууд цаг хугацаатай уралдаж байгаа учраас ашиглалтыг нь сайжруулах чиглэлээр хуулийг явуулах нь зүйтэй гэсэн яриа болсон.Харин Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудлаас болж хуулийг удаашруулах, эсвэл буцаан татах нь хугацаа алдах эрсдэлтэй гэж үзсэн. Хэрэв хууль, хяналтын шинжтэй асуудал байвал түүнийг холбогдох байгууллагууд нь шалгана биз дээ гэсэн байр суурь илэрхийлэгдсэн. Ерөнхийдөө бүлэг дэмжих хандлагатай болсон гэж ойлгож болохоор байна.

– Чуулганы хэлэлцүүлгийн үеэр Сэлбэ дэд төвийн төсөл өмнө нь хасагдсан байж байгаад эцсийн хэлэлцүүлэг дээр орж ирсэн гэх асуудал яригдсан. Энэ талаар?

– Монгол Улс нэгдсэн төсөвтэй, төсвийн сахилга баттай байх ёстой. Айл өрхтэй зүйрлэвэл хүн бүр зээл авч, бүхнээ барьцаалаад байж болохгүй. Боломждоо тааруулж зарцуулалт хийх шаардлагатай. Улсын хэмжээнд ч ялгаагүй, зээлийн хэмжээ хэтэрвэл хүүгийн дарамтыг даах боломжгүй болно. Эцэст нь эрсдэлийг татвар төлөгчид үүрдэг. Иймээс төсвийн тусгай шаардлагууд тавьдаг.

Гэтэл томоохон төслүүдийг төсвийн гадуур санхүүжүүлэх оролдлого нь сахилга батад эрсдэл үүсгэж байна. Засгийн газар өөрөө ч энэ хуулийн төслийг дэмжээгүй байр суурьтай байгаа. Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн станц хоёрын хувьд ач холбогдолтой. Харин Сэлбэ дэд төв бол өөр асуудал. Гэр хорооллыг орон сууцжуулах нь зөв ч хэрэгжүүлэх арга нь буруу харагдаж байна. Хувийн хэвшил хийх боломжтой ажлыг төр өөр дээрээ авч, анх төсвийн хүрээнд хийнэ гэж зээл авсан мөртлөө дараа нь хууль өөрчилж байгаа нь буруу жишиг.

"СЭЛБЭ ДЭД ТӨВ ТӨСЛИЙН 75 ОРЧИМ ХУВИЙГ ГАДААД, ТЭР ДУНДАА ХЯТАДЫН ХАМААРАЛТАЙ КОМПАНИУДАД ӨГСӨН БАЙНА"

– Та Сэлбэ дэд төвийн төслийг эдийн засгийн хувьд ч шүүмжилж байгаа?

– Тийм. Энэ төсөл жилд баригддаг нийт орон сууцны зах зээлийн бараг 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 9 мянга орчим айлын орон сууц барихаар байна. Мөн 2.6 их наяд төгрөгийн борлуулалт яригдаж байна. Энэ нь зах зээлд асар их дарамт үүсгэнэ. Дэд бүтэц, тээвэр, хөдөлмөрийн зах зээл гээд бүх салбарт ачаалал өгнө. Төр бодлогоор хувийн хэвшлийг дэмжих ёстой болохоос оронд нь орж бүхнийг хийх ёсгүй.

– Тендер, компаниудтай холбоотой асуудал ч яригдаж байна…

– Төслийн багцын 75 орчим хувийг гадаад, тэр дундаа Хятадын хамааралтай компаниудад өгсөн байна. Дотоодын дөрвөн компани оролцож байгаа ч заримынх нь туршлага, хувьцаа эзэмшигчдийн талаар эргэлзээ төрж байна. Жишээлбэл, өмнө нь бизнесийн томоохон туршлагагүй, улс төрийн замналаар явж байсан хүмүүсийн байгуулсан компаниуд томоохон тендерт ялсан нь анхаарал татаж байна. Энэ нь төслийг ашиг сонирхлын зорилгоор ашиглаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.

"СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ АЖЛЫН ХЭСЭГ ДЭЭР ЗААЛТЫГ ХАССАН БАЙСАН УЧИР ЯМАР Ч ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛООГҮЙ"

– Ажлын хэсэг дээр энэ төсөл хасагдсан гэж та хэлсэн. Тэгвэл яагаад дахин орж ирэв?

– Ажлын хэсэг дээр Сэлбэ дэд төвийн заалтыг хассан байсан. Тиймээс хэлэлцүүлгийн явцад огт яригдаагүй. Гэтэл эцсийн шатанд гэнэт орж ирсэн. Бүр цаашлаад хуулийн нэртэйгээ нийцэхгүй заалт, тухайлбал Засгийн газрын өрийн баталгаатай холбоотой зохицуулалт хүртэл нэмэгдсэн. Энэ нь анхны зорилгоосоо хазайсан гэж үзэж байна.

"ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ ЯВЦЫН ДЭГ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"

– Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Мөнхбаясгалан өөрсдийн өргөн барьсан хуулийн төслийг татахыг уриалж, “энэ хуулийн төслөө тат, Нямбаатар аа” гэх байр суурь илэрхийлсэн. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

– Энэ дээр бол яг тодорхой байр суурь илэрхийлэхэд хүндрэлтэй байна.

– Би танд нэг жишээ татъя. 2024 оны дөрөвдүгээр сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ордын 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмших, үүсмэл ордыг хүртэл хамруулах заалт орсон. Энэ мэт гишүүд өөрсдөө анзааралгүй баталчихсан “хуулийн хулгай” дахин давтагдах эрсдэл энэ хуулийн төсөл дээр байна гэж харагдаж байна уу?

– УИХ-ын гишүүн бүр бүх хуулийн төслийг нэг бүрчлэн унших боломж хязгаарлагдмал байдаг. Ихэвчлэн өөрийн хамааралтай салбар, байнгын хорооны хүрээнд илүү анхаарч ажилладаг. Үүнээс шалтгаалаад зарим тохиолдолд мэдээлэл дутуугаас болж санал өгөх эрсдэл гардаг. Үүнийг мэддэг хүмүүс цаг хугацаа, горим ашиглаж хууль батлуулах тохиолдол ч бий.

Жишээлбэл, ирц багатай үе, чуулган тарах дөхсөн үед, эсвэл яаралтай горимоор хэлэлцүүлэх зэргээр зохицуулалт хийдэг. Яаралтай горим нь хэлэлцүүлгийн шат дамжлагыг алгасах эрсдэлтэй. Мөн “дэмжээгүйг дэмжье” гэх саналын хэлбэр нь өөрөө асуудал дагуулдаг. Гишүүн идэвхтэй санал өгөөгүй тохиолдолд эс үйлдлээрээ дэмжсэнд тооцогдох эрсдэл бий. Тиймээс хууль тогтоох үйл явцын дэг, хяналтыг сайжруулах шаардлага байгаа гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө