Өглөө бүр таны ширээн дээр тавигддаг талх “Өв Соёл” үйлдвэрээс гарч, ямар замыг дамжин дэлгүүрийн лангуунд хүрдэг, хэн энэ энгийн атлаа эрхэм ажлыг гүйцэтгэдгийг бид энэ удаагийн сурвалжилгаараа бэлтгэн хүргэхийг зорилоо.
ВИДЕО:
-Б.НЯМДОРЖ: "ӨВ СОЁЛ" ҮЙЛДВЭРТЭЭ ТЭТГЭВЭРТ ГАРТЛАА АЖИЛЛАНА-
Сурвалжилгын маань гол баатар бол “Өв соёл” үйлдвэрийн борлуулалтын менежер Б.Нямдорж болон жолооч Батдорж нар юм. Борлуулалтын менежер Б.Нямдоржийн хувьд “Өв соёл” үйлдвэрт 2025 оны зургаадугаар сараас эхлэн ажиллаж буй. Төв аймгийн Баянцагаан сумаас гаралтай , гэргий дөрвөн хүүхдийн хамт амьдардаг Б.Нямдорж энэ байгууллагтаа тэтгэрэврт гартлаа ажиллана даа хэмээн итгэл дүүрэн ярих нь сонихон байлаа. Түүний ярианаас ажилладаг үйлдвэр нь шинээр үүсгэн байгуулагдсан, автомат тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, мөн маш сайхан халуун дулаан уур амьсгалтай хамт олноор хүрээлүүлдгийг нь мэдэж болно. Б.Нямдорж Сонгинохайрхан дүүргийн 450 дэлгүүр болон Төв аймгийн Баянцагаан сум, Ар гүнт гэх мэт Улаанбаатар хотод ойр орших сууринд бүтээгдэхүүнээ түгээнэ. Нямдоржоос гадна “Өв соёл” үйлдвэрт есөн борлуулалтын менежер ажиллах бөгөөд тэд дүүрэг дүүргээр нь дэлгүүрүүдээ хувааж аваад, дэлгүүр бүртээ долоо хоног бүр шинэ бүтээгдэхүүнээ хүргэхээр зорин ажилладаг аж.

-БАТДОРЖ: САЙХАН БАРИЛГАТАЙ, ШИНЭ ҮЙЛДВЭРТЭЙ, САЙН ХАМТ ОЛОНТОЙ АЖИЛЛАДАГТАА БАЯРЛАДАГ-
Мэдээж борлуулалтын менежерийн хамгийн итгэлт, ажлын хамтрагч нь түүний жолооч юм. Б.Нямдоржийн жолооч Батдорж. Батдоржийн хувьд мөн л энэ байгууллагад жил гаруй хугацаанд ажиллаж байгаа туршлагатай жолооч. Ярицлага авна гэхэд “Өө, ах нь ч засвар шаардлагагүй ярьчихна дөө” гээд тас тас хөхрөн, машиндаа үсрээд сууна. Дэлгүүрийн гадна очоод ачаагаа буулгахад ер ажирсан шинжгүй мөн л үсэрч бууж ирээд ачаагаа яралзтал зөөчихнө, өрчихнө. Батдорж багадаа дуучин болох мөрөөдөлтэй хүү байв. Тэр мөрөөдлөө биелүүлэхээр анхны алхмаа зориглон хийж СУИС- д шалгалт өгч, бас ч гэж тэнцээд авсан ч амьдралын шаардлагаар сургуульдаа сурж чадаагүй ажээ. Гэсэн ч “Одоо бас нас байна даа” гээд инээгээд л ярина. Одоогоор түгээлтийн машины давчуухан кабин л түүний "алтан тайз" болж байгаа хэдий ч нээрээ л нас байна даа. Батдорж борлуулалтын менежерээ магтаад л байх. Хамт олондоо үлгэр жишээ үзүүлдэг, мэргэжилдээ эзэн болсон, сайн менежер, сайн найз, сайн аав гээд л урсгаж өгнө. Тэгээд болоогүй бас ажлаа магтана. Сайхан барилгатай, сайхан шинэ үйлдвэрт, сайхан хамт олны дунд ажилладгаараа бахархаж явдгаа дурсана.

- БАРААГАА Л ДУУСГАЖ ЧАДВАЛ ӨГЛӨӨ ХЭДЭН ЦАГТ Ч ИРЖ БОЛНО, ӨДӨР ХЭДЭН ЦАГТ Ч ТАРЖ БОЛНО-
Ажлын цагийн хуваарийн хувьд урьдчилж захиалсан бүтээгдэхүүнээ дэлгүүрүүддээ хүргэж дуусгаад, үлдэгдэлгүй л орж ирвэл өглөө хэдэн цагаас ирэх, мөн орой хэдэн цагт тарах нь тухайн хүний өөрийн л ажлын ур чадварын асуудал байдаг гэнэ. Борлуулалтын менежерийн ажлын гол үүрэг нь дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, тухайн дэлгүүрийн эргэлтэнд тохирсон байдлаар бүтээгдэхүүнийхээ тоог тохируулан нийлүүлж, аль болох буцаалтаар бараа авахгүй байхад чиглэх юм. Тэгвэл Б.Нямдоржийн хувьд Үндэсний их баяр наадмаас өмнө буцаалтгүй болох зорилго тавин, эрч хүчтэйгээр ажлаа үргэлжлүүлж байна.

- ХЭЗЭЭНИЙ ТАНИЛ ДЭЛГҮҮРИЙН ЭГЧТЭЙ ОЙРД УУЛЗААГҮЙ НАЙЗУУД ШИГ Л ИНЭЭЛДЭН, СОНИН САЙХНАА ХУУЧИЛЛАА-
Бидний өнөөдрийн ажил 07:00 цагт "Өв соёл" үйлдвэрийн байрнаас эхэлж, агуулахаас бараагаа хүлээн авч ачаад, Их нарангийн зүг хөдөллөө. Түгээлтийн ажил Их нарангийн B Mart дэлгүүрээс эхэлсэн юм. Дэлгүүрийнхээ гадаа ирчихээд борлуулагч маань эхний ээлжинд орж лангуун дээр хэдэн бараа үлдсэн, мөн буцаалт байгаа эсэхийг харлаа. Дараа нь машинаасаа бүтээгдэхүүн нэг бүрээр нь, тоо ширхэг нь бүрээр нь нарийн тоолж сагсандаа хийгээд буцаад орлоо. Энд дэлгүүрийн ажилтантай бараагаа тулгаж, төлбөр тооцоогоо ч хийв. "Өв соёл" үйлдвэр 100 мянган төгрөгөөс дээш дүнтэй худалдан авалт хийсэн харилцагч нартаа таван хувийн хөнгөлөлт үзүүлдэг аж. B Mart дэлгүүр өнөөдөр 200 мянга гаруй төгрөгийн худалдан авалт хийснээр хөнгөлөлт авч чадлаа. Харин борлуулагч нар маань бүтээгдэхүүнээ төрөл төрлөөр нь ангилж, лангуун дээр жимбийтэл нь өрчихөөд дараагийн дэлгүүр лүү сүнгэнэв.

Бидний дараагийн дэлгүүр түгээлтээ хүргэсэн дэлгүүр бол “Өсөх” минимаркет байлаа. Манай түгээлтийн багийнхан энэ дэлгүүрийн худалдагч эгчтэй хэзээний танилууд бөгөөд, орж ирсэн цагаасаа л инээлдэж, ойрд уулзаагүй найзууд шиг л сонин сайхнаа ярилцаж байв. Худалдагч эгчийн зүгээс борлуулалтын менежер харилцаа хандлага сайтай, бүтээгдэхүүнээ сайн мэддэг тухай хуучилж, мөн “Өв соёл” үйлдвэрийн бүтээгдэхүүн өнгөрсөн жил гаруй хугацаанд хэрэглэгчдийн өглөөний цайндаа сонгодог, эргэлт сайтай бүтээгдэхүүнүүдийн нэг болсныг ярьж байлаа. Энэ хүрээд бидний сурвалжилга өндөрлөж, түгээлтийн баг маань цааш Төв аймгийн Батсүмбэр сумын ард иргэдэд дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн талх, нарийн боовыг хүргэхээр хөлгийн жолоо залсан юм.