Эрүүгийн цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн орон байранд нэгжлэг хийж, улмаар түүнийг хойшлуулшгүйгээр саатуулсан ч шүүхээс түүнийг 48 цагийн хугацаатайгаар баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Тиймээс түүнийг өчигдөр /2026,04.27/ орой ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангиас сулласан юм.
-Т.ДАВААДАЛАЙГ НОТЛОХ БАРИМТАА "УСТГАХ" ҮНДЭСЛЭЛТЭЙ ХЭМЭЭН БАРИВЧИЛСАН БАЙЖЭЭ-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нийслэлийн прокуророос Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатайгаар баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналаа шүүхэд хүргүүлэхдээ "эргэлзээтэй" байдлаар хүргүүлснээс шүүх тус саналыг хүлээж аваагүй байна."
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 буюу нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн, 31.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3 буюу хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн зэрэг үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хүчинтэйд тооцуулах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Гэвч прокурор тус саналдаа сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох, эсхүл шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнийг баривчлах шийдвэр гаргуулах тухай хоёр өөр агуулга бүхий үндэслэлүүдийг дурдсан байжээ.
Мөн сэжигтнийг баривчилсан хугацааг зөрүүтэй байдлаар тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах эсэх нь тодорхойгүй байсан аж. Тиймээс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын дээрх саналыг хүлээн авах үндэслэлгүй хэмээн үзэж, саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тиймээс магадгүй прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг "нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн" хэмээн үзвэл дахин хойшлуулшгүйгээр саатуулан шалгах боломжтой аж.