НИТХ-ын дарга А.Баярыг төлөөлөгчдийн олонхын саналаар огцрууллаа

НИТХ-ын дарга А.Баярыг төлөөлөгчдийн олонхын саналаар огцрууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит VII хурал өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан ч АН-ын бүлгээс “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой шаардлага ирүүлсэн шалтгаанаар хойшлуулсан.

Хуралдааныг хойшлуулах шийдвэрийг НИТХ-ын дарга А.Баяр дангаар гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчсөн гэж зарим төлөөлөгч үзсэн. Иймд 10:00 цагаас хойш НИТХ-ын төлөөлөгчид даргаа хүлээсэн ч ирээгүй тул хуульд заасны дагуу ээлжит бус хуралдаан зарлахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурж, ээлжит бус 13 дугаар хуралдааныг төлөөлөгч Ж.Баятбаясгалан удирдан эхлүүлжээ. Тус хуралдаанаар ээлжит хурлыг санаатайгаар саатуулсан, хуралдааныг орхин явсан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Санал хураалтад 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь буюу олонх нь дэмжсэнээр НИТХ-ын дарга А.Баярыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа.