“УлаанбаатарТрамвай төсөл”-ийн хоёрдугаар шугамын тендерийн хугацааг хойшлууллаа

“УлаанбаатарТрамвай төсөл”-ийн хоёрдугаар шугамын тендерийн хугацааг хойшлууллаа

Нийслэлийн трамвай төслийн хоёрдугаар шугам болох Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн барилгын ажлын тендерийг /2026.03.13/-ны өдөр EPC (зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт) нөхцөлөөр зарласан. Анх тендерийг /2026.04.29/-ний өдөр нээхээр товлосон ч оролцогч талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, материалыг хүлээн авах хугацааг /2026.05.13/-ныг хүртэл сунгажээ.

Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-ны харьяа Мэргэжлийн зөвлөл /2026.02.23/-нд хэлэлцэн дэмжсэн байна. Хоёрдугаар шугам ашиглалтад орсноор оргил ачааллын үед цагт 6,989 хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах тооцоо гарчээ. Мөн одоогоор автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын дотор туулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд хотын агаарын бохирдолд нөлөөлөх нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонноор, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурах урьдчилсан тооцоо гарсан байна. Трамвай төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжих бөгөөд уг чиглэлийн барилгын ажлыг Оросын компани гүйцэтгэх санал гаргаад байгаа аж. Харин хоёрдугаар шугамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг бөгөөд үүнээс нэгдүгээр шугам 1.2 их наяд, хоёрдугаар шугам 1.5 их наяд төгрөгөөр хэрэгжинэ. 2026 онд нийслэлийн төсвөөс 325 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгасан талаар НЗДТГ-аас мэдээллээ.