БАРИМТ: “Чингис хаан” нисэх буудалд түлш зарах цогцолбор барьж, маргааныг Беларусын шүүхээр шийдэх Оросын хэлэлцээр Байнгын хорооны босгыг давлаа

БАРИМТ: “Чингис хаан” нисэх буудалд түлш зарах цогцолбор барьж, маргааныг Беларусын шүүхээр шийдэх Оросын хэлэлцээр Байнгын хорооны босгыг давлаа

Х.Нямбаатарын жагсаал, Туулын хурдны зам, Засгийн газрын бүтэц, албан тушаалын томилгоо зэрэгт бид талцан хуваагдаж, цэцэрхэцгээж байх хооронд бараг анзаарагдахгүйгээр Оросын геополитикийн байж болзошгүй шийдвэр манай парламент дээр урагшилж байна. Тэр нь Монгол Улс агаарын тээврийн түлшний нийлүүлэлтээр дамжин дахин нэг эх үүсвэрээс, тодруулбал ОХУ-аас урт хугацаанд хамааралтай болох асуудал юм.

Өчигдөр /2026.04.01/ УИХ-ын байнгын хороод “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр уг хэлэлцээр дахин УИХ-ын нэгдсэн чуулганы босгыг давах гэж байна. ЭНД дарж уншина уу.

Эргэн сануулбал, энэ хэлэлцээр 2024 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2024 онд В.Путины айлчлалын үеэр байгуулсан байдаг. Монголын талаас тухайн үеийн сайд Ц.Туваан, Оросын талаас Сергей Цивилев нар гарын үсэг зурсан юм. Ингээд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж, дэмжигдээгүй билээ. Тухайн үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг “дэмжихгүй” гэх нэгдмэл байр суурийг илэрхийлж байлаа.

Анхны хэлэлцээрт ямар, ямар заалт байсныг эргэн саная.

  1. Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны цогцолборын дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна
  2. Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
  3. Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ
  4. “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах /үүнд нийлүүлэх, хадгалах, цэнэгдэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх / үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ
  5. Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэх байх асуудлыг хангана
  6. Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад цогцолборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз болон бусад баримт бичгийг олгох
  7. Цогцолборын удирдлага, ашиглалт, хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  8. Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилга угсралтын техник болон тоног төхөөрөмжийг Монгол, Оросын улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн хялбарчилсан горимоор оруулах
  9. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой төлбөр, тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх
  10. Монголын тал төлбөр тооцоог цаг тухайд нь хийх
  11. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр нэмэгдэх, гадаадын ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах эсхүл энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлөр, гадаадын ажилчдын квот шинээр нэвтрүүлэх түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад болон эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ
  12. Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дотор шийдвэрлэгдэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүний холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ
  13. Талууд хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын процедурыгхангасан тухай оролцогч талын сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хойш 20 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна зэргээр тусгасан байлаа.

Энэ хэлэлцээрт ОХУ-ын эрх мэдлийг давуу хамгаалсан бөгөөд манай улс татвар, хураамжийг хэрхэн авах зэрэг мэдээлэл тодорхой тусгагдаагүй юм. Тус хэлэлцээрээр “Роснефть” Монголын онгоцны түлшийг хангах бөгөөд өөрсдөө тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ Оросоос оруулж ирж, орос хүнээр удирдуулна.

Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын талаас татварын бүх төрлийн хөнгөлөлтийг эдлэх бөгөөд оросууд чөлөөтэй орж, гарах нөхцөлийг бүрдүүлэхийг мөн хүссэн байдаг. Цаашлаад хэрэв маргаан гарвал хоёр сарын дотор ОХУ-ын шүүхээр шийдэхээр хэлэлцээрт тусгасан байлаа.

Тэгвэл дахин хэлэлцүүлж буй хэлэлцээрт өөрчлөлт гээд тодотгох зүйл тун ховор байна.

Шинэчилсэн хэлэлцээрт:
• Хэлэлцээрийн хугацааг 20 жилээс 15 жил болгосон
• Маргаан шийдвэрлэх арбитрыг ОХУ-аас Беларусь руу шилжүүлсэн
• Зарим техникийн найруулгын засвар хийсэн гэв

Өөрөөр хэлбэл, бүтцийн шинжтэй, зарчмын өөрчлөлт хийгдээгүй байна. Маргаан шийдвэрлэх арбитрыг Беларусь руу шилжүүлсэн нь харагдах утгаараа өөрчлөлт мэт боловч агуулгын хувьд гуравдагч, бие даасан орчин бүрдсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Учир нь зарим барууны шинжээчид Беларусь улсыг Оросын дагуул ч гэж нэрлэдэг билээ. Энэ утгаараа уг өөрчлөлтийг бодлогын эрсдэлийг бууруулсан шийдэл гэхээс илүү байршлын өөрчлөлт төдий гэж дүгнэж болохоор байна.

Монгол Улс өнгөрсөн онд 2.6 сая гаруй зорчигчийг олон улсын нислэгээр тээвэрлэсэн нь өмнөх оноос таван хувиар өссөн үзүүлэлт. Олон улсын нислэгийн маршрут нэмэгдэж буй энэ цаг үед “Чингис хаан” нисэх буудал долоо хоногт 1800 гаруй тонн түлш хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл, энэ салбар тэлж байна. Энэ үед бид 15 жилийн турш агаарын түлшээ нэг улсаас авах нь хэр зохистой вэ гэдгийг бодох асуудал юм. Монгол Улс шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтээр нэг улсаас хэт хамааралтай байхын эрсдэлийг өмнө нь олон удаа мэдэрсэн. Нийлүүлэлт тасалдахад дараалал үүсэж, үнэ өсөж, эдийн засаг бүхэлдээ доргиж байсан туршлага саяхны жишээ. Энэ нь хамаарал гэдэг зөвхөн эдийн засгийн бус, стратегийн эрсдэл болохыг харуулсан.  Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг ЭНД дарж танилцана уу.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө