БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон тус улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт гаднаасаа тун дотно, найрсаг уур амьсгалтай харагдсан ч геополитикийн бодит ашиг сонирхлын өмнө “нөхөрлөл”-ийн хязгаар ил болсон айлчлал болсон талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, хоёр орны удирдагчид Ардын Их Танхим руу улаан хивсэн дээгүүр алхах үед Хятадын цэргийн найрал хөгжим Оросын алдарт “Москвагийн үдэш” дууг тоглож, Кремль, Бээжингийн харилцааг онцгой түвшинд хүрснийг бэлгэдэж буй мэт байжээ. “Хайрт найз минь” хэмээн В.Путин Ши Жиньпинд хандсан бол Хятадын удирдагч түүнийг “хуучин анд” гэж нэрлэжээ.
Олон жилийн турш 40 гаруй удаа уулзсан хоёр удирдагч энэ удаа ч “стратегийн хамтын ажиллагаа”, “харилцан итгэлцэл”, “нөхөрлөл”-ийн талаар ярьж, АНУ-ын “хариуцлагагүй” цөмийн бодлого болон Ерөнхийлөгч Д.Трампын “Алтан бөмбөгөр” пуужингийн хамгаалалтын санаачилгыг хамтдаа шүүмжилсэн байна.
Оросын төрийн хэвлэлүүд ч энэ уур амьсгалыг хүчтэй сурталчилжээ. Нэгэн сонин нүүр хуудсандаа Хятадаас ганцаараа буцаж буй Д.Трампын зургийг В.Путин, Ши Жиньпин хоёр хамт алхаж буй зурагтай зэрэгцүүлэн нийтэлж, Москва, Бээжин дэлхийн тавцанд мөр зэрэгцэн буйг харуулахыг зорьсон байна.
В.Путины айлчлалын гол зорилгуудын нэг болох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар бодит ахиц гарсангүй. Уг төсөл хэрэгжвэл Баруун Сибирийн хийг Монгол Улсаар дамжуулан Хойд Хятад руу нийлүүлэх бөгөөд Европын зах зээлээ алдсан Москвагийн хувьд стратегийн чухал гарц болох юм.
Хэдийгээр өнгөрсөн жил хоёр тал төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан ч Бээжин хэлэлцээрийг яарахгүй байгаа шинжтэй байна. Үнийн асуудлаас гадна Хятад улс Оросын эрчим хүчинд хэт хараат болохоос болгоомжилж буйг ажиглагчид онцолж байна. Кремль лхагва гараг /2026.05.20/-т хоёр тал төслийн “үндсэн параметрүүд дээр ерөнхий ойлголцолд хүрсэн” гэж мэдэгдсэн ч эцсийн тохиролцоонд хүрсэн ямар нэг шинж тэмдэг ажиглагдаагүй байна.
Оросын албаныхан үүнд сэтгэл дундуур байгаа ч гайхахгүй байна. Учир нь Москва өөрөө ч Бээжинтэй харилцах харилцаанд ашиг сонирхлын зөрүү байгааг хүлээн зөвшөөрч эхэлжээ. “Орос, Хятадын ашиг сонирхол үргэлж давхцдаггүй. Өөрсдийгөө их гүрэн гэж үздэг хоёр улсын хувьд энэ нь хэвийн зүйл” хэмээн Оросын төрийн хэвлэл онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн Кремль өмнө нь АНУ-тай харилцаагаа зөөлрүүлэх үед хэрэглэж байсан “нөхөрлөл”, “итгэлцэл” гэх хэллэгээ дахин ашиглаж эхэлжээ. Өнгөрсөн зун В.Путин, Д.Трамп нар Аляскад уулзсаны дараа Москва “АНУ, Орос хоёрын харилцаа зөөлрөх /Анкорижийн сүнс/” уур амьсгал бий болсон тухай ярьж байсан ч Украины дайн үргэлжилсээр, тэрхүү өөдрөг уур амьсгал удалгүй алга болсон юм. Харин энэ удаа Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков “Бээжингийн сүнс оршсоор байна” хэмээн онцолсон ч “Анкорижийн сүнс” гэх хэллэгийг өөрөө хэзээ ч хэрэглэж байгаагүй гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC