“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна.
Тэгвэл энэ хавар ноолуурын ханш хэд байх талаар ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгээс тодруулахад, “Ноолуурын үнэ өнгөрсөн онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн. Харин энэ хавар 200 мянган төгрөгөөс эхлүүлэх саналыг үндэсний ноолуурын үйлдвэрүүддээ тавьж байгаа. Монголд зөвхөн ноолуурыг малчдаас аваад хялгаснаас нь салгаад гадагш гаргадаг. Дотооддоо ноолуурыг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай байна. Үүнийг засахын тулд эхний ээлжинд түүхий ноолуур гадагш гаргахыг хориглож дотоодын үйлдвэрүүдэд боломж олгосон. Мөн ноолуурын үйлдвэрүүдэд хөнгөлттэй зээл олгож байгаа. Ийм учраас ноолуур үйлдвэрүүддээ ноолуурыг хамгийн боломжит, дээд үнээрээ аваарай гэж уриалмаар байна. Хямд аваад малчдын эсэргүүцэлтэй тулах юм бол түүхий ноолуураа шууд гадагш гаргах нөхцөлд буцаад очно” гэв.