ТОД ТАМГА ХХК: Тамганы захиалга 60 хувиар буурсан

ТОД ТАМГА ХХК: Тамганы захиалга 60 хувиар буурсан

Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг бүрхэж олон улс даяар хямрал нүүрлээд байна. Манай улсын хувьд цар тахлаас бүхий л хэмжээнд урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон. Тэгвэл энэ байдлаас хамгийн их хохирч байгаа салбарын нэг бол аж ахуй нэгжүүдийн эдийн засаг. Монгол улс хоёрдугаар сарын 10-наас эхлэн хөл хориог тогтоож олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, шат дараатай арга хэмжээг авсаар өнөөдөр Улаанбаатар хотод 22 цагаас хойш нэг ч газар үйл ажиллагаа явуулахгүй байгаа.

Хэдийгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловч үүний цаана олон аж ахуй нэгж, хувь хүн орлогогүй хохирч байгааг дурьдах нь зүйтэй. Мөн иргэд ихэвчлэн гэртээ хөл хорионд байгаа учраас үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байгаа нь мөн аж, ахуй нэгжүүдэд хүндрэл бий болгож байгаа юм.

Засгийн газраас дээрх байдлыг үндэслэн эдийн засгийг эрчимжүүлэх журмыг баталсан. НДШ-ээс бүх албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг чөлөөлнө гэж эхэндээ хэлж байсан ч өнгөрөгч баасан гаригт гаргасан шийдвэртээ энэ хөнгөлөлтөд багтах байгууллагад тавьж буй нөхцөл хэлсэндээ байсангүй.

Статистикийн нэгдсэн сангийн гаргасан судалгаанаас үзэхэд 2020 оны эхний улирлын байдлаар манай улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй 94 мянга орчим аж ахуй нэгж, байгууллага байна. Харин үйл ажиллагаагаа бүрэн болон бүр мөсөн зогсоосон 39 мянга орчим аж ахуй нэгж, байгууллага байгаа аж.

Шинээр үйл ажиллагаа эхэлж буй байгууллага бүр өөрийн гэсэн тамга тэмдэгийг авдаг. Тэгвэл цар тахалын энэ үед тамга тэмдэг үйлдвэрлэгчид хэрхэн ажиллаж байгаа, бодит нөхцөл байдлын талаар ТОД ТАМГА ХХК-ийн нягтлан бодогч Н.Заяатай ярилцлаа.

-Сайн байна уу, танай үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?

-Манай байгууллагын хувьд өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад борлуулалт маш багассан байна. Шинээр ирдэг тамганы захиалга бол ойролцоогоор 60 орчим хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнээс үүдээд ажилчдаа цалинжуулах, гэрээт борлуулагчдын ашгийн хувь багасах гэх мэт асуудлууд бага зэрэг хүндрэлтэй болж байгаа.

Уг нь бол урьд жилүүдийн энэ үеэр шинэ аж ахуй нэгжүүд бий болж тамга тэмдэг ихээр захиалдаг байсан. Одоо харин цаг үеийн байдлаас болоод шинэ тамганы захиалга маш цөөн байна.

-Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын захиалга ихэвчлэн ирж байна вэ?

Ихэнхдээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр, компаниуд тамгаа цэнэглүүлж байгаа. Бас эмнэлэгийн байгууллага, уул уурхай, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ихэвчлэн хийлгэж байна.

-Хөл хорионоос үүдэн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт байгаа юу?

-Манайх жирийн үед Улаанбаатар хотод таван борлуулах цэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн аймгийн төвүүд дээр салбартай. Одоогоор үйл ажиллагаа харьцангуй ачаалал багатай байгаа учраас мөн хөл хориоос үүдэн захиалга худалдан авалтаа цахим хэлбэрт шилжүүлсэн. Онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Ажилчдаа аль болох цомхотгох хэмжээнд хүргэхгүйг хичээж байна.

-Төрөөс энэ талаар авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа зүйл бий юу?

Шинээр гарч ирж байгаа бизнесээ дэмжээсэй. Шинэ компани байхгүй болно гэдэг өөрөө эдийн засаг зогсонги хэлбэрт шилжиж байгаа хэрэг.

Сая НДШ-ийн хөнгөлөлт зарлахдаа ч гэсэн шинэ байгууллагад ямар ч ээлгүй, хүртээлгүй шийдвэр байсан. Дөнгөж байгуулагдаад өвчин тахал гараад хаах шийдвэртэй тулгараад байхад нь хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа шүү дээ. Шинэ компани бий болгох гэж маш олон шат дамжлага болдог үүний дараа ийм хүнд нөхцөлд ороход их хэцүү байгаа болов уу.