Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан байна.