УИХ дахь МАН-ын бүлгийн олонх буюу 36 гишүүн хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, багш нарын цалинг 20 хүртэлх хувиар, эмч нарын цалинг 10-15 хувь хүртэл нэмэгдүүлэх, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх мөн Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Уг асуудлаар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг: Бүлгээс төсөвтэй холбоотой асуудлуудаар чиглэл өгөгдлөө. Багш нарын цалинг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, эмч нарын цалинг 10-15 хувь хүртэл нэмэгдүүлэх, тэтгэврийг инфляцтай уялдуулах нэмэх чиглэл юм. Иймд төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, Засгийн газартай хамтран ямар зардлыг хасаж, танах вэ гэдгийг хэлэлцэнэ. Аль болохоор хөрөнгө оруулалтын зардлыг хасаж, танахгүй.
Харин бүлгийн даргатай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг чуулганаар ч ороогүй, цалин тэтгэмжтэй холбоотой асуудлыг нийгмээс дэвшүүлэн тавьж байна. Энэ зун нийт нутгийн баруун хэсгээр гантай байсан. Өвөл зудын эрсдэл өндөр. Маргааш багш нар ажил хаях гэж байна, хүүхдүүд гэртээ суух гэж байна. Эдгээрийг шийдвэрлэе, асуудлуудыг ярья гэдгийг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд удаа дараа тавьсан. Харамсалтай нь үүргээ хэрэгжүүлээгүй. 10-р сарын 9-нд долоон гишүүн бүлэг хуралдуулах шаардлага тавьсан ч хариу өгөөгүй. Өнөөдөр 38 гишүүн дахиад шаардлага тавьсан ч хариу өгөөгүй. 16.00 цагт бидний төлөөлөл очиж, өрөөнд нь уулзсан. Нүүр нүүрээ харж байгаад энэ шаардлагуудаа хэлсэн. Харамсалтай нь 16.00 цагт бүлэг хуралдах боломжгүй гэсэн. Тийм учраас бид бүлгээ хуралдуулсан. Бүлгийн дарга өөрөө Засгийн газрыг огцруулах шаардлага дээр гарын үсэг зурчихсан. Ингээд эв нэгдэл хангах биш бүлгээ хуваах ажлыг хийж яваа. Бид бүлгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой гэдэг дээр олонхоор санал нэгдэж, дүрэм журмын дагуу санал хурааж, Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
ВИДЕО: