Гишүүд нэр өгөөгүй тул "Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

Гишүүд нэр өгөөгүй тул "Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.14/ хурлаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх байсан. 

Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр энэ төслийг өргөн мэдүүлсэн. Хуралдаан 56.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Гэсэн ч Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу түр хороонд ажиллах гишүүдийн нэр ирээгүй гэсэн шалтгаанаар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, өнөөдрийн хурлыг хаалаа.

Тодруулбал байнгын хорооны дарга Р.Сэддорж "Хяналт шалгалтын тухай хуулийн 33.2-т Түр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо УИХ дахь олонх, цөөнхийн төлөөллийг хувь тэнцүүлэх боловч Түр хорооны бүрэлдэхүүний 1/3 ээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байх, УИХ дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчим баримтална гэж заасан. Олонх, цөөнхөөс хувь тэнцүүлсэн байдлаар нэр ирээгүй байгаа тул хэлэлцэх асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа" хэмээгээд хэлэлцэх асуудал байхгүй тул өнөөдрийн хурлыг хаалаа.