Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцжээ

Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохиролцжээ

Монголын уул уурхайн компаниуд Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлж хамтран ажиллах боломжтой болж байна. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзахдаа манай улсын уул уурхайн компаниудыг тус улсын Хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжих, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах талаар ярилцав.

Мөн уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулахад хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбарыг ашиглах, хөрөнгийн зах зээлийн тухай иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх, цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах талаар ярилцаж тохирсныг АҮЭБЯ мэдээллээ. 

Уулзалт нь Монголын уул уурхайн салбарын компаниудыг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр нээх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

Лондонгийн хөрөнгийн бирж нь 1801 онд байгуулагдан, үнэт цаасны арилжаа эхлүүлсэн дэлхийн томоохон биржүүдийн нэг юм. Нийт 60 гаруй улсын мянга гаруй компани бүртгэлтэйгээс гадна зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 6 их наяд ам.доллар, үүнээс уул уурхайн салбарын компанийнх ойролцоогоор 700 тэрбум ам.долларт хүрдэг ажээ. Үндсэн зах зээлүүд нь Main Market буюу олон улсын томоохон компаниуд, AIM (Alternative Investment Market) буюу өсөлтийн шатандаа яваа дунд, жижиг компани, Бонд, ETF, деривативын зах зээл гэж ангилдаг байна.