МҮЭ-ийн холбооны харьяа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдалгаар ажиллаж байсан Х.Буянжаргал нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Х.Буянжаргал МҮЭ-ийн холбооны харьяа Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит болон хувьцаат компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны нэр бүхий 8 тэргүүлэгчтэй бүлэглэн 2022 онд тушаал гарган найман тэргүүлэгчдэд 31 сая төгрөгийн, өөртөө 7 сая төгрөгийн урамшуулал, хяналтын хорооны дарга Г.Ц-д 5 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг, мөн өөртөө 16,2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон, хуулийн этгээдийн өмчлөлийн Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг 12,9 сая төгрөгөөр гэр бүлийнхээ хүний өмчлөлд шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон байдаг. Тиймээс тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.