УИХ-ын дарга Н.Учрал: Парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдрал дээр хэрэгжих ёстой

УИХ-ын дарга Н.Учрал: Парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдрал дээр хэрэгжих ёстой

-Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг-

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын гишүүд ээ,

Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд улс төрийн таван нам, эвсэл, салбар салбар, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь Намрын чуулганаа он солигдох цаг мөчид өндөрлөж байна.

Улсын Их Хурал улирч буй 2025 оны хааж буй намрын чуулганаа дүгнэн цэгнэж, угтан буй 2026 оны хаврын чуулгандаа ахиц амжилтаа бататгаж, алдаа, асуудлаа засаж залруулах учиртай. Хаалтаа хийж буй 2025 оны намрын чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого, шийдлийн шинэ гараа боллоо. Ирэх хаврын чуулганаар ард түмний 126 элч төлөөлөгч бид хүний эрх, хүүхдийн эрх, иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө ухаан бодлого, мэдлэг чадвараа дайчлан, мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх болно.

Их гүрнүүдийн геополитик, энерги, эрчим хүчний эх үүсвэр, худалдаа, технологийн зөрчил мөргөлдөөн хурцадмал нөхцөлд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлах нь Та бидний батлах хууль, барих бодлого, гаргах шийдэл болсон байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа хуралдаж, 148 асуудал, байнгын хорооны хуралдаан 112 удаа хуралдаж, 221 асуудал, дэд хорооны хуралдаан 10 удаа хуралдаж, 18 асуудал, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдаж, 33 асуудлыг тус тус хэлэлцжээ.

2026 оны улсын төсвийн төслийг урьд өмнөхтэй харьцуулахад эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн нь татвар төлөгчдийн хичээл зүтгэлээр бүрддэг төсвөө илүү нээлттэй, оновчтой болгох, үргүй зардлыг хэмнэх, нүсэр том төрөөс ухаалаг, цомхон бүтээмжтэй төр болох, зах зээл дэх хэт оролцоог нь хумих, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн орон зай нээхийн төлөө улам тууштай баримтлах шинэ хандлага боллоо. Эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8,6 хувиар нэмэх улсын төсвийг хуульчлан баталлаа. Төсөв тэлж, төр данхайхын хэрээр ард иргэд, аж ахуйн нэгжийн үүрдэг ачаа дарамтыг буулгаж нурууг тэнийлгэхийн төлөө ухаан бодлоо уралдуулсан төсөв байлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн өргөн боломжийн өмнө хөндөлссөн элдэв хязгаарлалтуудыг эрс багасгалаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төслүүд хэрэгжих боломжийг хуульчлан нээлээ. Түншлэлийн төсөл сонгон шалгаруулалтын хугацаа 12-18 сар байсныг 1-6 сар, олон биш нэг шаттай, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл шийдэх эрхтэй боллоо.

Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдлыг багасгах, нөөц бүрдүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой боллоо.

Улсын Их Хурлын соёрхон баталсан Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр бол “Зүрх судасны үндэсний төв”-ийг барьж босгох, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэхэд зориулагдах хөрөнгө мөнгө юм. Монгол хүний элэг бүтэн амьдралыг хөнөөх хамгийн түгээмэл шалтгаан зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус зээл зориулагдана.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон баталж, ногоон болон дижитал шийдэлтэй 32 шинэ сургууль, 9 шинэ цэцэрлэг үүдээ нээж, 38,000 гаруй хүүхэд дэлхийн стандартаар Монголдоо суралцана.

Эрхэм гишүүд ээ,

Энэ намрын чуулганаар бид “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хэлэлцэн батлах хуультай журамтай, бодлогын баримт бичиг боллоо. Тавьсан зорилго, хүрэх арга зам, хэмжүүр шалгууртай замын зураг болж чадлаа. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнг хүрэх арга замтай нь тодорхойлсон. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ​ахиц дэвшлийг хянах, зорилтот үр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшнийг тодорхойллоо.

Цаашид үндсэн чиглэлийг хэлэлцэхэд хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, Улсын Их Хурлаар хэлэлцэх хуулийн зохицуулалтын зөрүүтэй байдал, хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдал, мөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэгт Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.

Ард түмний шийдвэрээр төрийн дээд эрх барьж буй парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдралд хэрэгжиж байх ёстой. Хууль хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих нь Улсын Их Хурлын Онцгой бүрэн эрх. Иргэн нь мэдэх эрхээ эдэлж байгаа цагт, олуулаа нүдээр харж байгаа бол, иргэдтэйгээ цуг засаглаж байгаа нөхцөлд эрүүл нийгэм бүрдэн төлөвшдөг. Төр түмэн нүдтэй гэж хэлдэг үгийн утга шим нь үүнд оршдог.

“Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Түр хороо 6 сарын туршид ажиллаж, хяналт, шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэн батлууллаа. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа цаг үетэй давхцан батлагдсан тогтоолд Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас доошгүй байхыг баталгаажууллаа. Түүнчлэн “Жавхлант”, “Шивээ толгой” ордын ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. Эцэст нь дүгнэхэд, дэлхийд томд тооцогдох “Оюу толгой” бүлэг ордтой холбоотой Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр боллоо.

Хяналт шалгалт, нээлттэй сонсголыг зохион байгуулж, тууштай, зоригтой манлайлан ажилласан Улсын Их Хурлын гишүүд, шинжээч, хянан шалгагч нарт баялгийнхаа эзэн байх бүрэн эрхтэй бүх монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлье.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь улсын хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал билээ. Эдийн засгийн тусгаар тогтнол бол улсын тусгаар тогтнолын тулгуур баганын нэг. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын эш үндэс, эд эс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө. Улс төрийн эрх чөлөөний баталгаа дархлаа нь иргэний эдийн засгийн эрх чөлөө юм.

Ирж буй 2026 оны Хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно.

Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ. “Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж эхэллээ.

Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төслүүд боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах болно.

“Чөлөөлье” санаачилгыг амилуулж, төрийн бодлого шийдэл болгон эхний дорвитой алхам нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх энэ хуулиар зөвшөөрөл нэртэй ч хориглолт, авилгын хөрс тэжээл болж, хүний хүслийг хяссан хүнд суртлын хана хэрэм, шат дамжлага, зүс нэрээ өөрчилсөн элдэв төрлийн саад тээгийг нэг мөр хуульчлан цэвэрлэхийг зорьж байна. Хориглоогүй бол зөвшөөрөгдөж, 30 гаруй үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүй шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуулиар нээнэ.

Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын болон бусад хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн хамт өргөн барилаа. Өмчлөх эрх бол хүний үндсэн эрх. Өмч хөрөнгийн халдашгүй байдал, чөлөөтэй бизнес эрхлэх, иргэн, компани, аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, хуулийг ашиггүйгээр буцаан хэрэглэхгүй байх нь хөгжил дэвшлийн хөрс юм. Эдийн засгийн хүндрэл зөвхөн түүхий эдийн үнэ унаснаас бус иргэндээ үл итгэх, зааж зааварлах, хааж хясах, хийх ёсгүйгээ мэддэггүй төрийн хэт оролцооноос үүдэлтэй гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх хэрэгтэй. Эдийн засаг, бизнесийн харилцааг ганц хуулиар зохицуулах боломжгүй. Олон улсын нөхцөл байдал, технологи, хиймэл оюуны өндөр хурдтай хөгжлийн эрин үед цаг үеэсээ хоцрохгүй байх, салбар дундын хуулиуд гарах хэрэгцээ шаардлага тухай бүрд үүсэж байна. Өдрөөс өдрийн өндөр хурдны өөрчлөлт цаг үед хууль тогтоогч Та бүхэнд бизнес эрхлэгч, баялагч бүтээгчид, эдийн засгийн эрх чөлөөний итгэлтэй хамгаалагчид болж ажиллахаас өөр гарц үгүй.

Бизнесийн эрх зүйн харилцааны чухал дэд бүтэц болох дампуурлын буюу төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг үр дүнтэй зохицуулж, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн итгэлийг хамгаалах, эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх, дахин хөрөнгөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хүрээнд “өр төлбөрөөс” чөлөөлөх зорилгоор Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогчдод “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай. Тоглоомын дүрэм тодорхойгүй бол шоглоомын дүрэмгүй дүрэм болдог. Хувийн хэвшлийн орон зайд төр бизнес хийхгүй, хуульд заасан “хуруу дарам” үндэслэлээр төрийн өмчит байгуулна. Юм бүхнийг хийдэг биш, юу хийхгүйгээ мэддэг төр эрүүл. Хөрөнгө өмч ихтэй төр биш цомхон цэвэрхэн төр илүү хүчтэй. Төр зохицуулагч болохоос бус төр өрсөлдөгч биш. Төр хуулиар зохицуулж, стандарт тогтоодог болохоос бус өөрийн тоглоомын дүрмээрээ хувийн хэвшилтэйгээ, иргэнээсээ илүү давуу эрхтэй бизнесийн өрсөлдөгч, зах зээл, ашиг орлого булаагч биш. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх нь энэ парламентын хамгийн том “чөлөөлөлт”-ийн нэг байх болно.

Цаашид бизнес эрхлэгчдийн ашгийн төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, үүссэн хэрэг маргааныг нь түргэн шуурхай, иргэний хэрэг маргаанаас ялгаатай, онцлог журмаар шийдвэрлэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх хүрээнд Арилжааны хууль, бизнесийн гэрээ хэлцлийн хэрэгжилтийг баталгаажуулж, төлбөр төлөх уян хатан хөшүүргийг олон улсын сайн жишигт нийцүүлэн бий болгох, үр дүнтэй, шуурхай иргэний шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд хаврын чуулганаар хувийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд, бизнес эрхлэгч, иргэн, эрдэмтэн судлаачид хэн бүхэн “Чөлөөлье” санаачлагыг амилуулж, мэдлэг оюун, мэргэжил чадвар, санал бодлоо уралдуулж, илүү сайхан амьдрах хүслийг хяслаас чөлөөлөх, эдлэх ёстой жам ёсны заяамал эрхээ эдлэхийн төлөө идэвх санаачилгатай оролцоно гэдэгт итгэл төгс байна.

Парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, 378 хуульд AI шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ. Технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулахад ашиглаж эхэллээ. Өчигдөр Монгол Улсад анх удаа робот мэс засал хийж хүний амь аварсан шиг технологийн дэвшлийг хүчин төгөлдөр 378 хууль дахь хүний эрхийн зөрчлийг арилгахад ашиглана. Парламентын цахим талбарт гар утаснаасаа зочилж, өргөн барьсан ямар хууль хүний эрхийг зөрчиж, хязгаарлаж болзошгүйг өөрсдөө шалгах боломж бодитой болсон нь хууль, шийдвэрт иргэний санал бодол, идэвхтэй оролцоог технологийн дэвшлийг бодитой ашиглаж эхэлсэн алхмын нэг байлаа.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудад тусгасан эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол банкинд болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар инфляц 8.2 хувьтай гарсан нь Монголбанкны 4–8 хувийн зорилтот интервалаас давсан бөгөөд инфляцын дарамт өргөн хүрээнд тэлэхийн хэрээр зээлийн өндөр өсөлт болон 2026 оны цалин, тэтгэврийн бодлогын нөлөө нь эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэл дагуулж, өрхийн бодит орлого буурч, хөдөлмөрийн зах зээл суларч байгаа тул эдийн засаг, инфляцын нарийн тэнцвэртэй бодлого шаардлагатай байна. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталж, чуулганы завсарлах хугацаанд хэрэгжилтийг хангуулж ажиллахаар боллоо.

Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Нар, салхины хязгааргүй их нөөцтэй Монгол оронд айл өрх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлэхэд хүнд суртлын 10 гаруй шат дамжлагаар тээг тавьсныг энэ шийдвэрээр арилгаж байна. Нарны илч гэрлийг хүртэл хүнд суртлаар халхалж байгаа цагт бид боломж, нөөцийг хөгжилд дэвшилдээ ашиглаж чадахгүй. “100000 нарны гэр” хөтөлбөр, орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих 100 мвт -ын тархмал эх үүсвэр, автозамын сүлжээ, экпортын боомтуудыг харгалзан 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол, цогцолбор байгуулах ажлууд багтсан бөгөөд тэр дундаа 20 квт хүртэлх хүчин чадалтай нарны панель, батарейн системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартад нийцүүлэн түгээх сүлжээнд шууд холбож, илүүдэл цахилгааныг сүлжээнд нийлүүлж, орлогыг тухай бүр авах боломжийг бүрдүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө. Иргэнээ хүнд суртлаас “чөлөөлөх” бодит алхам энэ мэтээр үргэлжлэх болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Алдаа, оноо сургамж бүхэнд соргог байж, иргэд сонгогчдынхоо итгэл, найдварыг өндөрт өргөж, тангарагтаа үнэнч байж, шийдвэр гаргахын чухлыг энэ танхимд суугаа нөхдөдөө дахин сануулъя.

Миний бие Улсын Их Хурлын даргын албанд томилогдоод, сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үг уриагаар бус өдөр тутмын үйл ажиллагаагаар олон түмэнд ил тод байлгахын тулд ирц, явцыг өдөр бүр нээлттэй мэдээлж эхэлсэн, дамжуулж эхэлсэн. Улсын Их Хурлын гишүүд хурал, чуулганаа таслахгүй оролцохоос үндсэн үүргээ биелүүлэх эсэхийг хэмжих эхний шалгуур.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол иргэнээсээ давуу, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэгт шалгуулахгүй байх тусгай давуу эрх биш билээ.

Ард түмний 126 дарга биш ард түмний 126 элч төлөөлөгчид бид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй.

Иргэн баян бол улс баян. Эрх чөлөө бол хэн нэг эрх мэдэлтэн олгодог зөвшөөрөл, бэлэг биш. Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж, нандигнан бататгадаг эрхэм нандин үнэт зүйл.

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг дархлахын төлөө хамтдаа хичээн зүтгэе.

Эрх чөлөөний нар хүн бүрийг, хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай.

Та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

2025.12.31