Б.Мэргэн: Маргах шаардлагаүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх сарын 25-наас мөрдөгдөнө

Б.Мэргэн: Маргах шаардлагаүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх сарын 25-наас мөрдөгдөнө

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМЭГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ
ХЭРЭГ ЧӨТГӨРИЙН ТОЙРОГТ ОРЧИХ ВИЙ ГЭСЭН
БОЛГООМЖЛОЛ БАЙНА-

-Сайн байна уу. Сүүлийн үед ямар хэрэг дээр ажиллаж байна. Олны анхаарлыг татсан олон хэрэг дээр та ажиллаж байгаа шүү дээ. Тэднээс мухарлагдсан нь хэд байна?

-Эхнээсээ дуусаад цөөн хэрэг үлдсэн. Ч.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг болон “60 тэрбум”-ын хэрэг л байна. Мөн олны анхааралд өртөөгүй цөөн хэдэн хэрэг дээр ажиллаж байна. Сонгуулийн жил учраас нэр дэвшигчдэд хуулийн зөвлөгөө өгнө. Тэгэхээр сонгууль дуустал нэр дэвшигчдэд хуулийн зөвлөгөө өгөх ажилд илүү анхаарч ажиллах шаардлага гарна. Тийм учраас сүүлийн үед шинээр нэмж хэрэг авахгүй байгаа.

-Ч.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын хэрэг процессын хувьд хэрхэн үргэлжилж байна вэ?

-Төрийн маш нууцын зэрэглэлтэй хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Анхан шатны шүүхээс “Нэмж, мөрдөх, тодруулах шаардлагатай олон асуудал байна. Дутуу шалгасан хүмүүсийн асуудал бий. Бүх зүйлийг нөхөж шалга” гэсэн шийдвэр гаргаад буцаасан. Гэтэл прокурор эсэргүүцэл бичээд “Анхан шатны шүүх одоогийн материалынхаа хүрээнд шийдэж болно” гээд шүүх рүү нь буцаасан. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид яг энэ асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргасан. Гэтэл өчигдөр өглөө /2020.04.09/ Дээд шүүхээс “Анхан болон давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдээгүй байхад Дээд шүүх дүгнэлт хийх боломжгүй” гэсэн тайлбар хэлээд шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Дээд шүүхээс “Анхан шатны шүүх уг асуудлаа хэлэлц” гэсэн шийдвэрийг гаргасан.

Одоо бол анхан шатны шүүхийн хуралдааны товыг хүлээсэн хүлээлтийн байдалтай байна. Гэхдээ тус хэрэг дээр анхаарал татахаар нэг асуудал үүсээд байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс “Ийм, ийм асуудлуудыг шалгах шаардлагатай” гэж буцаасан. Гэтэл явсаар байгаад анхан шатны шүүхэд ирж байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх өөрсдийн шийдсэн хэргийг дахин  хэлэлцээд анх гаргасан шийдвэрээсээ буцах магадлал багатай юм. Энэ утгаараа анхан шатны шүүхээс дахин буцааж магадгүй. Тэгэхээр давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх рүү, анхан шатны шүүх нь прокурор руу буцаадаг чөтгөрийн тойрогт орчих вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ яаж шийдэгдэх юм байгаа юм.

-Улс төрчид энэ асуудлаар улс төр хийдгийг бид бүгд мэднэ. Энэ хэргийг чөтгөрийн тойрогт ороход улс төрчид нөлөөлж байна гэх хардлага байна уу?

-Орсон байхыг үгүйсгэхгүй. Хардах хангалттай үндэслэл бий. Гэхдээ баттай хэлж мэдэхгүй. Тухайлбал, төрийн нууцад орсон хэрэг учраас бид ярьдаггүй. Гэтэл Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй улс төрчид байнга яриад л байна шүү дээ. Энэ гишүүдээр нөлөөллийн мэдүүлэг бөглүүлж, нөлөөлөөд буй эсэхийг нь шалгуулахаар хүсэлт гаргасан ч хариу өгөлгүй таг болчихлоо. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Энэ хэргийг шийдэхгүй бол шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулна” гэж улаан, цайм шүүхэд нөлөөлж байна. Наадахаа миний хүссэнээр шийд, үгүй бол би жагсана шүү гэж хэлсэн нь нөлөөлж байна гэсэн үг биз дээ. Улс төрчид маш нууц хэргийг мэдчихээд яриад байдаг. Бид шүүх хуралд оролцож байхтай зэрэгцэж УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийж шүүх хуралдаанаар юу болоод байгааг яриад байна. Бид 35 хавтастай 15 мянган хуудас материалыг цээжиндээ хадгалаад л явж байна. Тэмдэглэж авсан тэмдэглэлийг минь хүртэл харуулдаггүй. Нууц гээд хураагаад авчихдаг.

Ер нь энэ ойлгомжтой хэрэг. Гэмт хэргийн субьект нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гээд заагаад өгчихсөн. Тусгай субьекттэй хэрэг. Гэтэл үүнд чинь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байхгүй байгаа биз дээ.

Зөвхөн энэ шаардлагыг хангахгүй байгаа нь гэмт хэрэгт тооцохгүй байх хангалттай үндэслэл юм.

-Ц.Сандуй, С.Ганбаатар нар суллагдсан. Тэдний хэргийн талаар мэдээлэл өгөөч?

-Анхан шатны шүүхийн шийдвэрээс дөрвөн жилийн ял өгсөн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ялгүй болгосон. Прокурорт нэмэлт ажиллагаа хий, дутуу шалгасан зүйлүүдийг нөхөж гүйцэтгэ гэсэн. Үүнийг шүүхийн шатанд нөхөж гүйцэтгэх ямар ч боломжгүй. Тиймээс шалга гэдэг байдлаар буцаасан. Сая нэг хэсэг цагдан хоригдож байгаад суллагдсан.

-ИНГЭН, ИНГЭН ӨМГӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ
ГЭЖ БОДДОГ ҮЕ БИЙ-

-Та олны анхаарлыг татсан олон хэрэг дээр ажилладаг. Ажлаа ном, журмын дагуу хийгээд явахад хамгийн том саад учруулдаг зүйл тань юу вэ?

-Шүүгчийн хараат бус байдал алдагдсан байна. Улс төрчдийн нөлөө их ордог болсон нь  хамгийн том асуудал. Зарим хүмүүс “Чи твиттер, фэйсбүүкээр ажлаа хийх юм” гэж шүүмжилдэг. Би бүх хэргүүдийг ярих боломжгүй, ярьдаг ч үгүй. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд зааснаар аль хүрээнд хэвлэлд ярилцлага өгч болох вэ гэдгийг зохицуулаад өгсөн байдаг. Үйлчлүүлж буй хүний тань талаар болон хэрэгтэй холбоотой худал мэдээлэл тараавал эрх ашгийг нь хамгаалж мэдээллийг залруулах зорилгоор тайлбар хийдэг. Улс төрчдийн нөлөөлөл болон худал мэдээллийг залруулах үүднээс л бичдэг. Улс төрчдөөс нөлөөлөхгүй бол би тайлбар хийхгүй шүү дээ. Өмгөөлөгчийн эрх ашиг хөндөгдөж, эрх зүйн байдал дордоод байна гэдэг.

Гэтэл өмгөөлөгч өөрийгөө эрх мэдэлтэй болгохын тулд энэ талаар ярьдаг юм биш. Үйлчлүүлэгчээ хамгаалахын тулд холбогдох эрх, давуу байдлаа шаарддаг юм. Шүүгч улаан, цайм нөлөөнд автсан нь мэдэгдэхүйц хэмжээний шийдвэрийг гаргаж буй тохиолдолд л дотроо “Арай ч дээ. Ингэн, ингэн өмгөөлөгчөөр ажиллах хэрэг байна уу” гэдэг бодлууд сүүлийн үед төрдөг болсон. Гэхдээ өмгөөлөгчөөсөө болих, шантарна гэсэн үг биш. Тухайн үед төрсөн аргаа барьсан бодол л юм.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааны талаар хуульчид болон улстөрчдийн дунд нэлээн маргаан болж байна. Тухайлбал, хуульчид ирэх сарын 25-ны өдрөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ гэж буй бол улс төрчид дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсны дараа албан ёсоор хэрэгжиж эхэлнэ гэж тайлбарлаж байна. Ер нь тэдний хэн нь худал яриад байгаа юм ?

-Угтаа бол маргах ямар ч шаардлагагүй. Эрх зүйч мэргэжилтэй хүн бүр харсан, ойлгомжтой. Ирэх сарын 25-ны өдрөөс дагаж, мөрдөгдөнө. Энэ өдрөөс хэрэгжихгүй гэж ярьж буй хүмүүс нь улс төрчид л юм. Тухайлбал, УИХ-ын гишүүд, эрх ашиг нь хөндөгдөж магадгүй Ерөнхий сайд, хуулийг батлалцсан хүмүүс. Түүнээс энэ тойргийн гаднах хүмүүс нэгэн дуугаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж  хэлж байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн нэг заалтаас бусад бүх заалтынх нь зүйл, хэсэг бүрт нь /энэ заалт, хэсэг, зүйл бүрийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ гэж бичсэн байгаа юм.

Үндсэн хуулиас дээд эрх хэмжээтэй хууль гэж  үгүй. Тэгэхээр үүнийгээ л дагана.

-АРВАН ХОЁР ХҮНИЙГ ГАНЦ САР САЙДААР АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД
ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БОЛОХГҮЙ-

-Гэтэл улс төрчид тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж байж Үндсэн хуулиа мөрдөж эхэлнэ гэж тайлбарлаад байна?

-Дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлаагүй гэж ярьж  буй нь буруу. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шилжихэд мөрдөх тухай хууль Үндсэн хуультай хамт батлагдсан. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бусад хуулиа өөрчлөх тухай асуудал яригдана.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, Ерөнхий сайдын эрх хэмжээтэй  холбоотой өөрчлөлт Үндсэн хуульд орсон учраас Засгийн газрын хууль шинэчлэгдэх эсвэл зохих холбогдох өөрчлөлтүүд орох ёстой. Нутгийн удирдлагатай холбоотой хуулиудад өөрчлөлт орох ёстой гэсэн үг. Түүнээс дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Одоо УИХ үүнтэй холбоотой нэг тогтоол гаргах ёстой.  Ямар хуулиудад хэдий хэмжээний өөрчлөлт орох ёстой юм, тухайн хуулиудыг аль хугацаанд шинэчлэн батлах ёстой вэ гэдэг тогтоол гаргаад жагсаалтаа баталсан. Энэ жагсаалтын дагуу бүх хуулиуд шинэчлэгдэх ёстой. Сураг сонсоход, хуулийн төслүүд бэлэн болсон, судалгааны ажлууд хийгдэж төслийг нь боловсруулсан гэсэн. УИХ-ын чуулган эхэлж байгаа учир эхнээс нь батлах байх.

Дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиа яарч дэлгэрэнгүй, хэн ч уншихад ойлгомжтой байдлаар бичээгүйгээс л болж асуудал үүсээд байгаа юм. Жишээ нь, 1992 онд Үндсэн хууль батлагдахад БНМАУ-ын Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Тэр хуульд Ерөнхийлөгчийн тухай хуулийг 1993 онд батлах ёстой. 1993 оны зургадугаар сар хүртэл одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжинэ гэж заасан. Засгийн газрын тухай хуулийг 1992 ондоо багтаагаад зургадугаар сараас өмнө батлах ёстой. Тэгэхээр 1992 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болж шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэнгүүт Засгийн газар бүрдэнэ. Тэр Засгийн газар бүрдтэл одоогийн Засгийн газрын бүрэн эрх хэвээр үргэлжилнэ. Үндсэн хуульд нийцээгүй бүх хуулиуд хүчин төгөлдөр бус харин нийцэж буйг цаашид дагаж мөрдөж болно.

Мөн Үндсэн хуульд хуулиар зохицуулна гэсэн заалттай органик хуулиудыг батлах хүртэл одоогийн хуулиудаа дагаж мөрдөнө. Үндсэн хуульд нийцээгүй бусад хуулиуд нь өнөөдрөөс эхлээд хүчин төгөлдөр бус шүү гээд маш нарийн зохицуулаад өгсөн байсан. Харин сая баталсан Дагаж мөрдөх журмын тухай хууль дөрөв, тавхан заалттай байна. Сайн харвал, Засгийн газрын бүрэн эрх хэдий хүртэл үргэлжилж, дуусах талаар тодорхой бус, Ерөнхийлөгч яах нь бүдэгхэн байна. Ингээд бүрхэг заагаад өгсөн.

Харин хамгийн эхний заалтаараа холбогдох хуулиудыг шинэчлэн батлах хүртэл одоогийн хуулиуд хүчин төгөлдөр үйлчилнэ гээд заагаад өгчихсөн. Холбогдох хуулиуд гэдэг нь Үндсэн хуулиас бусад хуулийн тухай асуудал юм. Гэхдээ энэ заалттай, заалтгүй Үндсэн хуультай зөрчилдөх хуулиуд хүчингүй болох л байсан. Гэхдээ энэ заалт нэгэнт бий учраас Х.Нямбаатар нар “Холбогдох хуулиуд шинэчлэн батлагдах хүртэл одоогийн хууль хэвээр үйлчлэх учраас Засгийн газар энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой, огцрохгүй” гэж тайлбарлаад байна. Гэтэл тэр заалт бол Үндсэн хуулиас бусад хуулийн тухайд яригдана.

-Харин Үндсэн хуульд юу гэж заасан байгаа юм бэ?

-Үндсэн хуульд бол тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжинэ гээд тодорхой заагаад өгсөн.

-Тэгэхээр ирэх сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь зөв юм байна. Тийм үү?

-Тавдугаар сарын 25-ны өдрөөс Үндсэн хууль хэрэгжиж эхлээд л Засгийн газар огцрохгүй шүү дээ. Бүтэц, бүрэлдэхүүнээ л өөрчлөх тухай асуудал. Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байж болно гээд Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Одоогийн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн биш шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын гишүүдээсээ дөрвийг нь авч үлдээд бусдыг нь “давхар биш дан дээлтэй” болгоход л асуудал шийдэгдэнэ шүү дээ. Бүрэлдэхүүнээ л өөрчлөх асуудал. Өмнө нь мөрдөгдөж байсан Үндсэн хууль дээр Засгийн газрын нийт гишүүний тэн хагас нь огцрох юм бол Засгийн газрыг огцорсонд тооцно гэдэг байсан. Харин одоо энэ зохицуулалт байхгүй болсон.

Одоо Ерөнхий сайд огцорсон тохиолдолд л Засгийн газар бүрэн, бүрэлдэхүүнээрээ огцорно гээд өөрчлөгдсөн. Хэрвээ хуучнаараа байсан бол дөрвөн сайдаас бусад нь огцорчихлоор Засгийн газар огцорчих гээд байгаа юм. Гэтэл тэр зохицуулалт байхгүй шүү дээ. Ерөнхий сайд байвал Засгийн газар нь байж л байна. Цаашлаад одоо Ерөнхий сайд, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчид танилцуулаад дараа нь УИХ-аар оруулж батлуулдаг байсныг болиулсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг нэг, нэгээр хэлэлцэж баталдаг. Батлахгүй гэвэл унадаг байсныг болиулсан.  

Одоо гүйцэтгэх эрх мэдлийг хүчтэй болгох үүднээс Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Ерөнхийлөгч болон УИХ-д сайд нараа танилцуулаад болоо. УИХ зөвшөөрнө үү, зөвшөөрөхгүй байна уу хамаагүй. Тэгэхээр Ерөнхий сайд эрх мэдлээ ашиглаад бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөхөд ямар ч асуудалгүй. Ганцхан сар Засгийн газрын гишүүн байж яах гээд байгаа юм.  Үндсэн хуулиа зөрчин байж хэдэн хүнийг сайдаар нь хэвээр байлгах уу, Үндсэн хуулиа дагах уу гэдгээ л шийдэх хэрэгтэй.

Мэдээж Үндсэн хуулиа л дагах ёстой биз дээ. Бид эрх зүйт төртэй, Ардчилсан нийгэмтэй улс шүү дээ. Тийм учраас хуулиа дээдлэх л ёстой. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудалд орж улмаар Үндсэн хуулийн цэцээр дамжуулан огцрох магадлалтай болно. 12 хүнийг нэг сарын хугацаанд сайдаар нь ажиллуулахын тулд Үндсэн хуулиа уландаа гишгэж яах гээд байгаа юм бэ.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАХИН СОНГОГДОХ БОЛОМЖГҮЙ-

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгохоор байгаа юм. Энэ заалт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хамаарах уу?

-2025 оны зургадугаар сараас хэрэгжинэ гэж заасан байсан ч Дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдах үед энэ заалт нь үгүй болсон. Тэр заалт үгүй болсныг хууль боловсруулсан хүмүүс нь ч мэдээгүй. Ерөнхийлөгч нь ч мэдээгүй. Хамар доороос нь хулгайлсан. Батлагдаад хэдэн сар өнгөрсний дараа нөгөө заалт хааччихав гэсэн чинь байхгүй болчихсон байсан. Тэгэхээр 2021 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусаад дахин нэр дэвших эрхгүй. Засгийн газар асуудалд орсонтой адил Ерөнхийлөгчтэй холбоотой заалт ч мөн тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжинэ. Ерөнхийлөгч байх, байхгүй гэдэг асуудал ч хөндөгдвөл хөндөгдөнө. Гэхдээ одоогоор маргаан гарсан зүйлгүй байна. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусч байж 2021 оноос дараагийн Ерөнхийлөгчийн үеэс л яригдах болж байх шиг байна.

Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэж харж байна. Магадгүй тухайн үедээ Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хуулийг тайлбарлуулж гаргалгаа гарган нэр дэвшээд явахыг үгүйсгэхгүй. Энэ бол онолын маргаантай асуудал.