Ибукуро Томоко: Дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц амттай зөгийн балыг Монголоос гарган авах боломжтой

Ибукуро Томоко: Дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц амттай зөгийн балыг Монголоос гарган авах боломжтой

Япон бүсгүй Ибукуро Томоко Монголд зөгийн аж ахуй эрхлээд таван жил, амьдрал ахуйгаа эхлүүлээд аль хэдийн 21 жил болжээ. Монголчуудад зөгийн балаараа аль хэдийн танигдсан “Михачи” компанийн гүйцэтгэх захирал тэрээр Монголын зөгийн аж ахуйн хөгжилд хувь нэмэр оруулахаар хөдөлмөрлөж яваа нэгэн. Бид түүнтэй ярилцан зөгийн аж ахуй болон, эрс тэс уур амьсгалтай Монголд чухам яагаад зөгийн балын бизнес эрхлэх болсон талаарх түүхээс нь хуваалцлаа.

-АНХ ААВ ЭЭЖЭЭСЭЭ Ч АСУУЛГҮЙГЭЭР ӨӨРӨӨ
ЗОРИГЛООД Л ЭХЛҮҮЛЧИХСЭН-

-Сайн байна уу. Таныг Монголд зөгийн аж ахуй эрхэлдэг Япон бүсгүй гэдгээр тань хүмүүс сайн мэддэг. Та хэзээнээс зөгийн аж ахуй эрхлэх болов. Яагаад Монголд бизнесээ эхлүүлье гэж шийдсэн бэ?

-Сайн. Сайн байна уу. Би 2015 оноос Монголд зөгийн аж ахуй эрхэлж байна.  Анх  2012 онд Японы ‘’FUJI’’ телевизийн дэлхийн зөгийчдийг танилцуулах нэвтрүүлэгт Монголын талаас зохицуулагчаар ажиллаж Монгол зөгийчний ажил хөдөлмөртэй танилцан, зөгийн балны аж ахуйн талаар мэдлэгтэй болсон юм. Хөдөө аж ахуйн сэдвүүдэд дуртай байсан болохоор зөгий их сонирхолтой санагдаж байлаа. Бас Монголын зөгийн аж ахуй улсаа хангаж чадахуйц хангалттай хэмжээний биш байсан болохоор энэ салбарын хөгжилд гар бие оролцъё, тэр хөгжлийг нүдээрээ үзье гэж шийдэн бизнесээ эхлүүлж байсан.

-2015 оноос өмнө Монголд ирж байв уу? Монгол хэлийг яаж сурсан бэ?

-Анх 1997 онд оюутан байхдаа Монгол орны талаар судалгаа хийх гэж ирсэн. Би Японд Монголын түүхийн ангид сурдаг байлаа. Монголын түүхийг хэсэгхэн хугацаанд сурч, түүхээр дамжуулан хэл сурах эхлэл тавигдсан гэж хэлж болно.Бас нөхөр маань Монгол хүн. Тийм учраас энд амьдарч, Монгол хэлийг сайн сурсан.

-Зөгийн аж ахуйгаа хэдэн бүл зөгийтэй эхэлж байв?

-Эхний жил 50 гаруй бүл зөгий худалдан авч, эхэлж байсан. Мэдээж зөгийн аж ахуйг би ганцаараа эрхэлж дийлэхгүй. Тусалж, дэмждэг хүмүүс болон хөрөнгө оруулагч байсан. Анх аав ээжээсээ ч асуулгүйгээр өөрөө зориглоод л эхлүүлчихсэн.

-Анх бизнес эрхэлж эхлэхэд хэцүү зүйлүүд тулгарч байв уу?

-Анх зөгийн бал хураах, арчлах, маллах аргыг төдийлөн сайн мэддэггүй, энэ төрлийн тодорхой ойлголтгүй байсан болохоор бэрхшээл их байсан. Хүнсний салбарт бизнес эрхлэх мөн компани хэрхэн  удирдах тал дээр ч мэдлэг их маруухан байлаа. Бизнесээ шууд хавар зөгий худалдаж авахаас эхлүүлж зунжингаа ажиллаад балаа хурааж, зарах болоход хэрхэн, яаж борлуулах, болон дэлгүүрүүдийн системийг ч мэдэхгүй байсан. Энэ нь хамгийн том бэрхшээл болж байсан юм болов уу.  Одоо зөгийн аж ахуй эрхлэх гэж буй хүмүүс надаас шууд гадаадын орнууд руу экспорт хийж чадах болов уу гэж их асуудаг. Энэ бол зөгийн аж ахуйн талаар мэдлэггүй хүний асуулт. Дэлхийн зах зээл дээр зөгийн бал ямар түвшинд худалдаалагддаг, ямар орнууд экспортолдог гэх мэт наад захын мэдлэггүй байгаагийн шинж гэх үү дээ. Би ч бас тэгж л эхэлсэн. Зөгийн бал л байвал шууд гадаад руу гаргачихна гэсэн ойлголттой эхэлсэн.

-САЙН ЧАНАРЫН ЗӨГИЙН БАЛ ГАРГАН АВАХЫН ТУЛД СТАНДАРТЫГ
МАШ САЙН БАРИМТЛАХ ХЭРЭГТЭЙ-

-“Михачи” компанийн тухай яривал. Анх компани байгуулах сэдэл хэрхэн төрж байв. Одоо хэчнээн ажилтантай вэ?

-Эхний зөгий худалдаж авах үеэр компани байгуулах сэдэл төрсөн. Тухайн үед хөрөнгө оруулж байсан нэг ах компани байгуулна гэхэд “Япон нэр өгсөн нь тохиромжтой байх. Дуудахад амар энгийн нэр бодож олооч” гэсэн санал тавьсан. Тэгээд л би ямартай ч зөгий гэсэн үгийг оруулъя гэж бодсон. Хачи гэдэг нь зөгий, ми гэдэг нь гурав гэсэн утгатай. Манай компани найман ажилтантай. Коронавирусийн халдварын улмаас би Монгол руу очиж чадахгүй байгаа учраас манайхан зөгийгөө арчлаад бал хураах бэлтгэлээ хийж байгаа байх. Одоо манайх арав гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Байгалийн таримал гэсэн хоёр төрлөөр самар, сармис, барагшуун болон холимог гэсэн төрлүүдээр зөгийн бал үйлдвэрлэж байна.

-Ер нь сайн чанарын зөгийн бал гарган авахын тулд ямар арга технологийг ашиглах хэрэгтэй вэ. “Михачи”-ийн бал үйлдвэрлэхдээ баримталдаг гол зарчим, арга технологи юу вэ?

-Сайн чанарын зөгийн бал гарган авахын тулд стандартыг маш сайн баримтлах хэрэгтэй. Монголын зөгийн балны стандарт гэж бий. Чийгийн хэмжээ, сахар буюу цэцгийн шүүсний хэмжээ, нян бактер илрэхгүй байх, будагч бодисгүй гэх мэт хэд хэдэн заалт байдаг. Түүнийг маш сайн хангаж ажиллах нь хамгийн чухал. Нөгөө талаар стандарт хангана гэдэг тийм амар ажил биш. Стандарт хангаагүй маш олон зөгийн бал байдаг. Бас зөгий ямар цэцгээс бал цуглуулж байгаа нь чухал. Ховор нандин цэцгээс бал цуглуулах тусам дэлхийд танигдсан бал болж чадна. Зөгийн бал өтгөрөлт сайтай байх тусмаа бал нь чанартай байдаг. Өөрөөр хэлбэл сахарын агууламж маш өндөр байх ёстой. Энэ нь зөгийн балд агуулагдах байгалийн сахарын хэмжээ гэсэн үг. Ерөнхийдөө цэцгийн шүүсэнд 50-60 хувийн сахарын хэмжээтэй байдаг. Тэр нь шингэн төлөвтэй гэхэд болно. Харин түүнийг зөгий 85 хувь хүртэл нь өтгөрүүлж чаддаг. Өтгөрүүлснийг зөгийн бал гэдэг. Зөгий хэр их боловсруулсан байна тэр чинээгээрээ зөгийн балны чанар сайжирдаг юм. Мөн зарим зөгийчид өндөг, авгалдайтай бал хураачихдаг тохиолдол ч бий. Зөгийн бал хураан авахад ариун цэвэр маш чухал.

-Бүтээгдэхүүнээ Япон руу экспортод гаргаж байсан гэж дуулсан?

-Анх 2016 онд Япон руу экспорт хийж байсан. Харин одоогоор хийхгүй байгаа.  Яагаад гэвэл Японы зах зээл маш том. Том зах зээлийг бид Монголын балаар хангана гэдэг амаргүй. Манай компани хамгийн ихдээ таван тонн бал гарган авдаг.  Таван тонн балаар томоохон сүлжээ дэлгүүрүүдийг хангана гэвэл хүрэхгүй. Харин жижиг дэлгүүрийн хувьд ихэднэ шүү дээ. Тийм учраас Японы экспортоо зогсоосон. Гэхдээ энэ жилээс арав гаруй дэлгүүрт экспорт хийх санал тавьж эхэлсэн.

-Япон болон Монгол зөгийн балын ялгаа нь юу вэ?

-Зөгий балыг цэцгийн шүүснээс цуглуулдаг шүү дээ. Тэгэхээр Монголын цэцэг, Японы цэцэг хоорондоо өөр. Монголын ургамал Японд байхгүй, Японы ургамал Монголд байхгүй. Японы зөгийн бал ихэвчлэн модных байдаг. Тэгэхээр гарган авч буй зүйлээсээ хамаараад амт, өнгө, үнэр гээд ялгаа их гарна. 

-Зөгийн бал гарган авах хэмжээ юунаас хамаардаг вэ? Бага тооны зөгийгөөс их бал гарган авч болдог шүү дээ?

-Зөгий ямар байвал их бал хураах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бас нэг хайрцагт аль болох олон зөгийг байлгавал илүү их бал авч чадна. Зарим зөгийчид өтгөрөлт нь явагдаагүй байхад балыг нь хураачихдаг тохиолдол ч байдаг. Тэр үеийн цаг агаар, байгалийн байдлаас бас хамаардаг. Өнгөрсөн жил нийт нутгаар гандуу байсан болохоор жаахан тааруу байсан.

-Монголд зөгийн аж ахуй эрхлэхэд хэр тохиромжтой вэ?

-Монгол бол их эрс тэс уур амьсгалтай орон. Цаг агаар одоо байгаагаас хүйтэрвэл зөгий амьдарч чадахгүй. Хамгийн хүйтэн цаг агаарын нөхцөлд амьдардаг зөгий бол Оросын Буриадын нутгийн зөгийнүүд. Дараа нь Монголын зөгий орно. Зөгийнүүд их дулаан газар амьдрах шаардлагатай. Тэгэхээр зөгийн хувьд Монголын уур амьсгал бага зэрэг ширүүн болох байх. Монголд балны зөгий үржихэд хэцүү. Бараг л боломжгүй шахуу. Тэийм учраас зарим зөгийгөө Оросоос авна, заримыг нь эндээс авна, заримыг нь өөрсдөө үржүүлнэ. Гэхдээ балт ургамал элбэг байдаг учраас өвөрмөц амттай зөгийн балыг гарган авах бүрэн боломжтой. Дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц амттай  балыг Монголоос гарган авах боломжтой.

-Японд зөгийн аж ахуй эрхлэх талаарх бодож байв уу? Ер нь Япод зөгийн аж ахуй хэр хөгжсөн бэ?

-Тэгж бодож байгаагүй. Би Европын орнууд, Австралиар явж зөгийн бал эрхлэлтийг судалсан. Япон бол тийм сайн хөгжсөн газар биш. Зөгийн аж ахуй эрхэлж буй хүмүүс цөөхөн. Зөгийн бүлийн тоо ч бага. Цөөхөн зөгийчдийн үйлдвэрлэсэн балаар улсаа хангаж чаддаггүй. Зөгийчин бага болохоор зөгий үржүүлэх, бал хураах бэлтгэлээ сайн хийдэггүй. Зөгийчин байхгүй бол зөгий байхгүй. Миний харснаар зөгийн аж ахуй эрхлэлтээрээ хамгийн сайн орон бол Солонгос улс. Харин Европын орнуудаас Герман. Австрали бас их сайн.

-БИ МОНГОЛЫН СОЁЛООС СУРАЛЦАЖ, ТАНИН МЭДЭХИЙГ
ИХ ХИЧЭЭДЭГ-

-Та сая зөгийчин байхгүй бол зөгий байхгүй гэж хэллээ. Ер нь зөгийчин хүн юуг  хамгийн ихээр анхаарч ажиллах ёстой байдаг вэ?

-Хамгийн түрүүнд зөгийгөө үхүүлэхгүй байх. Зөгийг арчлах, хайрлан хамгаалах сэтгэлтэй байх хэрэгтэй . Зөгий нэг талаараа их эмзэг. Хайрцгийг онгойлгоход бяцрах тохиолдол бий. Тэгэхээр тагийг онгойлгохоос эхлээд маш болгоомжтой байх ёстой. Нэг зөгийн амийг хайрлаж чадахгүй бол цаана нь байгаа 50 мянган зөгийг хайрлаж чадахгүй.

-Зөгийн балны бизнес хэр эрсдэлтэй вэ?

-Ер нь бол эрсдэл бий. Бүхий л бизнест тодорхой хэмжээний эрсдэл байдаг шүү дээ. Бид гуравдугаар сард зөгийнүүдээ үүрнээс гаргаж ирдэг. Тэр үед буруу арчилгаа хийх, аль эсвэл арчилгаа хангалттай сайн хийж чадахгүй бол зөгийнүүд амьдарч чаддаггүй. Зарим зөгийн ферм зөгийнүүдийнхээ 90 хувийг үхүүллээ гээд л дуулддаг. Арчилгаагаа буруу хийвэл ямар ч зөгийгүй болох эрсдэлтэй. Бас цаг агаарын эрс тэс нөхцөлд зөгий тэжээнэ гэдэг амаргүй ажил. Японд хавар арван бүл зөгий гаргаж ирэхэд намар дөчин бүл болтлоо өсдөг. Харин энд бол намар арван бүл зөгий зооринд хийгээд хавар нээхэд найман бүл зөгий гардаг.

-Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж эдийн засаг хүндрэлд орж эхэлж байна. Танай компанид ямар нэгэн асуудал тулгарч байна уу?

-Зөгийг цэцэг гартал чихрийн уусмалаар хооллодог. -Манайх  Солонгосоос зөгийн тэжээл авдаг юм. Ялангуяа хавар хүйтэн байдаг болохоор тэжээл өгөх хэрэгтэй байдаг. Гэтэл халдварын улмаас хил хаагдан, зөгийн тэжээлээ авч чадахгүй байгаа. Бас Хятадаас тэжээл авдаг ч тэнд байдаг үйлдвэрүүд зогссон болохоор холбогдож чадахгүй л байна. Бас би өөрөө очиж чадахгүй байна.

-Японд одоо байдал хэр байна. Иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Японы долоон мужид онц байдал зарласан. Миний амьдарч байгаа газар байдал харьцангуй тайван байгаа. Энд халдвар гарсан ч хаанаас авсныг тогтоон шуурхай тусгаарлаж ажиллаж байна. Ямар ч байсан амны хаалт зүүнэ. Гараа тогтмол угаах, олон хүнтэй газраар явахгүй байх гэх мэт зүйлсийг зөвлөж байгаа. Сая зурагтаар хүмүүс гараа угаасны дараа спиртээр арчих нь гарыг хуурайшуулдаг тул аль нэгийг нь хэрэглээрэй гэж зөвлөж байсан.

-Ярилцлага маань өндөрлөх тийшээгээ хандаж байна. Сүүлийн асуултаа асууя. Та Монголд хорь гаруй жил амьдарлаа. Монголын ёс заншил, соёлыг хэр сурч байна, бас хамгийн хачирхалтай санагдсан ямар соёл байдаг вэ?

-Миний хувьд анх очоод гэрийн эзэнд түрүүлж идээний дээж өгдгийг гайхаж байлаа. Японд бол зочиндоо эхлээд хоол, цайны дээжээ өгдөг. Монголчууд их өвөрмөц соёлтой ард түмэн. Би Монголын соёлоос суралцаж, танин мэдэхийг их хичээдэг.

Монгол хэлээр Монгол хүнээс дутахааргүй ярьдаг Ибукоро Томокотой ийн ярилцлаа. Түүнтэй ярилцахад япон хүний эелдэг боловсон, зарчимч, шудрга зан илт мэдрэгдэж байсныг хэлэх юун.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ