ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат баруун аймагт тархаад буй САТ-1 хэлбэрийн шүлхийн шүлхий өвчний нөхцөл байдал болон вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "БНХАУ-ын Ланьжөүгийн Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгээс нийлүүлэх вакцины дээж өнөөдөр Монголд ирлээ. Дээжийг лабораторийн шинжилгээнд оруулж, хариу нь гурван хоногийн дараа гарна. Техникийн үзүүлэлтээр САТ-1 хэлбэрийн шүлхийн вакцин хийснээс хойш 14 хоногийн дотор дархлаа тогтох тул зургаадугаар сарын 20 гэхэд вакцинжуулалтыг эхлүүлж, долоодугаар сарын эхээр бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Өнөөдрөөс вакцинжуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж орон нутгийн удирдлага, мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран вакцин ирсэн даруйд хэрхэн шуурхай, чанартай зохион байгуулах талаар ярилцаж байна. Баян-Өлгий, Ховд аймагт ажиллах үеэрээ вакцинжуулалтын нарийвчилсан зураглалыг гаргасан. Тарилга, үйлчилгээний ажлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 100 сая төгрөгийн зардлыг өнөөдрөөс орон нутагт шилжүүлж эхэллээ" гэв.
Сануулахад, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тус улсын Засгийн газраас шүлхий өвчний эсрэг тэмцэлд туслахын тулд Монгол Улсад 1 сая тун вакцин яаралтай нийлүүлэхээр болсныг мэдэгдсэн юм.