Төв банкны тухай хуулийн 26.1-д "Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг.
Энэ дагуу Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусч байна.
Учир нь түүнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор томилж байсан юм. Түүний дараагийн ерөнхийлөгчийн сунгаа эхэлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Монголбанкны ерөнхийлөгчид эртнээс нэр нь яригдсан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар нэрээ дэвшүүлэх тухай мэдээлэл байна.