Өнөөдөр ор гарчих болов уу хэмээн горьдлого тээж эвхдэг ор, шалан дээр ч хамаагүй хүүхдээ тэврээд суухын зовлонг ээжүүд л ойлгоно. Энэ өвөл бага л өвдөөсэй хэмээн арга чаргаа барна. Түүн дээр агаарын бохирдол, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, тэг зогсолт гээд ирж буй хахир хүйтэн өвөл нийслэлчүүдийг давах ёстой олон даваа хүлээж байна. Энэ бүхэн шатахуун, нүүрсний оочир дарааллаар эхэллээ.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнөөс орон нутгуудад шатахуун хомсдож эхэлсэн талаар иргэд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Улмаар өдгөө нийслэлчүүд олон цагийг шатахуунд оочирлон өнгөрүүлж буй. Харин нөгөө талд багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж, бага насны хүүхдүүд гэртээ үлдэж байгаа эдгээр өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал болон хагас коксон түлшний эрэлд гарч байна.
ВИДЕО:
Албанийнхан 400 цэгээр дамжуулан тус бүр 5000 тонн түлш борлуулж байгаа. Эрэлт, нийлүүлэлт хэвийн байгаа гэсээр өдийг хүрсэн ч үнэнд гүйцэгдлээ. Учир нь энэ сарын 15-нд орсон цастай зэрэгцэн түлш олдохгүй байна хэмээн иргэд хүчтэй шүүмжилсэн. Улмаар ирсэн түлшээ хүргэхийн тулд түлш борлуулах цэгийн ажилчид нэг хүнд гурван шуудай түлшийг борлуулж эхэлсэн байдаг.
Улмаар өчигдөр /2025.10.21/ Хотын дарга Х.Нямбаатар өдөр бүр цэг тус бүр 10 мянган тонн түлшийг нийлүүлэх шийдвэрийг гаргалаа. Бид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун салаа, Зурагт, Баянхошуу зэрэг газраар түлш борлуулж буй цэгийн эрэлд гарлаа. Нийтдээ 20 орчим цэгээр орсны эцэст түлш борлуулж буй хоёр цэгийг олсон юм. Нэг цэгт 10 мянган тонн нүүрс ирсэн бол нөгөө цэгт 5000 тонн түлш бууж байлаа. Иргэдийн хувьд олон цагаар хүлээж байж авч байгаагаа учирлаж байна.
"ХОТУЛА ДЭЭР ТҮЛШ БАЙГАА ГЭЖ ХАРАГДДАГ Ч ОЧИХООР ХООСОН БАЙДАГ"
-Шахмал болон хагас коксон нүүрсний олдоц хэр байна вэ?
-Нүүрс үнэхээр олдохгүй байна. Маш олон цэгээр явсны дараа энэ цэгийг оллоо. Гэр нь ойрхон хүмүүс бол хүлээж байгаад авчхаж байна. Гэтэл ажлын цаг зав тэр бүрд хүлээгээд байж амжихгүй байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд дуртай үедээ ирээд авдаг байсан. Гэтэл өдгөө ирэхийг нь хүлээж 4-5 цаг суудаг болоод байна.
-Нэг хүнд гурван шуудай түлш өгч байна хэмээн иргэд шүүмжилсэн. Энэ үнэн үү?
-Үнээн. Ялангуяа, өнгөрсөн долоо хоногт нэг хүнд гурав юм уу дөрвөн шуудайг өгч байсан. Цаанаасаа ийм шийдвэр гарсан л гэж хэлсэн.
-Шинэ түлшний чанар ямар байна вэ?
-Хүн бүр өөрөөр хэлэх байх. Гэхдээ илчний хувьд шахмал түлш нь илүү санагдсан. Харин шинэ түлш тортог, үнс бага юм билээ.
-“Хотула” аппликейшнээр түлш борлуулж буй нүүрстэй цэгүүд харагдана гээд байгаа шүү дээ. Тус аппликейшныг ашиглаж үзсэн үү?
-Хотула дээр түлш байгаа гээд харагдаж байгаа ч очоод харахаар байхгүй байна. Худлаа мэдээлэл гаргадаг юм билээ.
Мөн өчигдөр /2025.10.22/ Хотын дарга Х.Нямбаатар өнөөдрийн үүсээд буй асуудлыг зохиомол хомсдол хэмээн тайлбарласан. Идэр есний хүйтнээс өмнө түлш нөөцлөх гэсэн иргэд зохиомол хомсдол үүсгэж байна хэмээн үзэж буй. Энэ асуудлыг нүүрс борлуулах цэгийн ажилчдаас тодрууллаа.
"ЦЭГ ТУС БҮРД 10 МЯНГАН ТОНН ТҮЛШ БОРЛУУЛЖ ЭХЛЭХЭЭР АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ БАЙХ"
Түлш борлуулах цэгийн ажилтан “Манай энэ цэгт өчигдөр орой 5 мянган тонн нүүрс ирсэн. Ингээд өнөөдөр дахиад ирэх байх хэмээн хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт нүүрсний нийлүүлэлт, эрэлт дээр асуудал үүссэн нь үнэн. Улмаар бидэнд нэг хүнд гурван шуудайг өгөхийг анхааруулсан. Энэ бол хүртээмжээ л бодож, гаргасан шийдвэр. Гэхдээ өнөөдрөөс эхлэн цэг тус бүрд 10 мянган тонн нүүрс нийлүүлээд эхэлчихвэл энэ асуудал жигдрэх байх хэмээн найдаж байна. Иргэд түлш нөөцөлж байна гэх асуудалд бол боломжгүй байх хэмээн бодож байгаа. Нэг иргэнд олон шуудайг өгчихвөл иргэд барьцаад бөөн асуудал үүснэ шүү дээ. Бага насны хүүхэдтэй, жирэмсэн хүнтэй гээд учраа хэлээд олон шуудай авахыг гуйх хүмүүс байдаг ч боломжгүй” гэлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2025.10.22/ түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Улмаар түлшний нийлүүлэлт хангалтгүй, нөхцөл байдал хүнд байна хэмээх дүгнэлтийг гаргаж, холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмж хүргэхээр болоод байна.