𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа

𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа

Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо 10 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд “Уул уурхай, хөрөнгө оруулалт ба инновацын чиг хандлагыг хамтран тодорхойлж, тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор зохиогдож байна.

Энэ үеэр Монгол Улсаас оролцож буй төрийн өмчит уул уурхайн “Эрдэнэс Монгол” нэгдэл өөрийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 10 чухал ашигт малтмалын чиглэлд суурилсан 12 шинэ төслийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.

Чуулганы эхний өдөр болсон “Монголын өдөрлөг” арга хэмжээний хүрээнд нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Эрдэнэс Монгол ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр илтгэл тавьж, 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, зургаан байршилд хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн паркууд, Асгат зэрэг стратегийн ордуудын төслүүдийг танилцууллаа.

Мөн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Саудын Арабын “Almasane Alkobra Mining Company” (AMAK) болон дэлхийн нүүрсний салбарыг төлөөлдөг FutureCoal Association зэрэг олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.

AMAK компани нь технологи дамжуулалт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр, FutureCoal байгууллага нь нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан нүүрс-химийн төсөл, үйлдвэржилтийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

Австралийн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ гэгддэг IMARC 2025-д энэ жил 120 гаруй орны 1,000 гаруй уул уурхайн компани, 800 хөрөнгө оруулагч, 500 гаруй илтгэгч оролцож байгаа бөгөөд тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, автоматжуулалт, стратегийн ашигт малтмал, ESG-ийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, уулзалтууд үргэлжилж байна.