Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шударга цалин, төсвийн бодит хуваарилалтыг шаардаж суулт эхлүүлнэ гэж өнөөдөр мэдэгдлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа "2026 оны улсын төсвийг эргүүлэн татаж, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаад байна. Бидний нөхцөл байдал маш хүнд байгаа. Эмнэлгүүд бараг тэг зогсолт хийхэд хүрч байна. Хамгийн багадаа 1.5-1.7 тэрбум төгрөгийн өртэй эмнэлгүүд олон байна. Эмч нар эмнэлгийн тусламж үзүүлэх гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдолтой, ариутгалын бээлий нь ч олдохгүй байгаа юм. Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх гэхээс илүү Монгол Улсын нийт иргэдийн эрүүл мэнд хохироход хүрч байна. УИХ-ын гишүүд нүдээ нээж, чихээ онгойлон биднийг сонсохгүй байна. Бид аравдугаар сарын 9-нд жагсаал цуглаан хийн шаардлагаа хүргүүлсэн. Тийнхүү Ерөнхий сайд эмч нарын төлөөлөлтэй уулзаж, та нар ажлын хэсэг гаргаад ямар боломж байна судлаарай гэсэн. Бид судлах ёстой хүмүүс нь биш. Бид шаардах ёстой. Хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах ёстой болохоос төрийн хийх ёстой ажлыг бид судлаад явж байх ёсгүй юм. Төр өөрөө хаана алдаа дутагдал байна гэдгийг судлаад хяналт шалгалтын олон байгууллагадаа даалгах хэрэгтэй. Яг одоо 11:30 цагаас Сүхбаатарын талбай дээр эмч ажилтнууд 2026 оны улсын төсвийг эргүүлэн тат гэх шаардлагыг тавьж мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардан суулт хийх гэж байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх 7 хоногоос суултаа үргэлжлүүлэх болно. Эмч нар уйлаад ярьж байна. Зүгээр ажилтай гуйлгачингууд боллоо гэж. Өргөсөн тангарагаасаа болж л ажлаа үргэлжлүүлж байгаа юм" гэлээ.