Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр үүрийн 04:00 цагаас эхлэн 45 албан хаагч, 14 машин, тусгай зориулалтын техниктэйгээр халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний албаны дарга Б.Нарантуяа “Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж 09:00 цагийн байдлаар 4 тонн давсыг хариуцсан гудамж, зам талбайд цацаад байна. Хот тохижилтын газар нийслэлийн төв замуудыг буюу Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө болон Зайсан чигийн гудамж, Олимпын гудамж хэсгийг хариуцан ажилладаг. Дээрх замуудад гүүрэн байгууламжийн өгсүүр, уруу хэсгүүдэд давс ахиу цацаж байна. Цас үргэлжлэн орж байгаа ийм үед бид уртасгасан цагаар ажилладаг. Нийслэлээс зам цэвэрлэгээний ажлыг хөнгөвчлөх, техникжүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа. Энэ жил манай авто бааз 14 шинэ машин техникийг хүлээж авсан. Тухайлбал, зам цэвэрлэгээний машин, бобкат, ковш, шүүрт машин, хайс хашлага, явган зам угаагч бичил машин гэх мэт техникийг хүлээж авсан ашиглаж байна. ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй. Цас орж байгаа энэ үед ААН-үүд санаачилга гарган бидэнтэй хамтран ажиллахыг уриалъя” гэлээ.