Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход “Чингэлтэйнхэн чигээрээ” уриа дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулж буй талаар мэдээлэл хийлээ.
Н.Баярцэнгэлийн гэргий Б.Дарханцэцэг “Миний нөхөр хавдар гэдэг өвчинтэй 26 жил тэмцэж байна. Анх 1999 онд ургац гэж үзэж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийд хагалгаанд орсон. Гэвч ургац нь сэдэрч 2002 онд дахин мэс засалд орсон. 2006 онд хавдар нь дахин гарч, Хавдар Судлалын Үндэсний Төвд хагалгаанд орсон. Тухайн үед Монголд АНУ-ын эмч нар ирж дээж авч, ховор төрлийн цээжний хөндийн хавдар гэж үзэн мэс засал хийсэн. Улмаар дээжийг нь АНУ-руу илгээсэн. Эдийн шинжилгээний хариу нь хорт хавдар гэж гарсан. Хавдар Судлалын Үндэсний Төвөөс хөдөлмөрийн чадварыг 90 хувийн алдагдалтай гэж тогтоосон. Дараа нь хими, туяа эмчилгээ хослуулан хийж, 2011 онд бүрэн эдгэрсэн. Гэтэл 2016 онд Мөнх Тэнгэрийн Ноёд ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа цээжин тус газраа хүчтэй цохиулсны улмаас хавдар нь дахин сэдэрсэн. Ийнхүү 2023 онд хорт хавдрыг нь Монголд эмчлэгдэх боломжгүй хэмээн оношлогдсон тул Хятад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зардал нь 120 сая төгрөг бөгөөд бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу сонсон. Иймээс иргэд та бүхнээсээ хандивын гараа сунгахыг чин сэтгэлээ хүсэж байна” гэв.